Ховор ургамал түүж бэлтгэвэл эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмж төлүүлнэ


“Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Завхан аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Д.Түвшинтөгстэй байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, хуулийн зохицуулалтын талаар ярилцлаа.

Завхан аймгийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийг сүүлийн 3 жилийн байдлаар судалсан байна. Судалгаагаар ямар төрлийн гэмт хэрэг зонхилон үйлдэгдэж байна вэ?

Газар нутгийн онцлогоосоо шалтгаалаад Завхан аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар мод болон байгалийн ургамлыг  бэлтгэх гэмт хэргүүд зонхилон үйлдэгддэг бөгөөд хүрээлэн байгаа орчны эсрэг нийт гэмт хэргийн 87 хувийг эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэргүүд Тосонцэнгэл, Завханмандал, Их-Уул зэрэг сумдад түлхүү үйлдэгдсэн байна.

Аймгийн прокурорын газраас сүүлийн 3 жилийн байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй холбоотой 47 хэрэгт хяналт тавьсан.

Үүнээс хууль бусаар мод бэлтгэх 33, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 8, хууль бусаар ан агнах 5, хууль бусаар ашигт малтмал ашиглах 1 хэрэг бүртгэгдэн шалгагдсан.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэчнээн хүнд, ямар хуулийн хариуцлага хүлээлгэсэн бэ?

Тус прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн 61 хүнд холбогдох 42 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Шүүхээс хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 19 хүнд торгох, 3 хүнд зорчих эрхийг хязгаарлах, 1 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Мөн 38 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, прокурорын саналыг үндэслэн 21 хүнд тэнссэн хугацаандаа хууль бусаар мод бэлтгэсэн ойн бүсэд 100 ширхэг мод тарих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, 2 хүнд гэм хорыг арилгах үүрэг хүлээлгэсэн нь хариуцлагын хувьд оновчтой ял шийтгэл болж чадсан гэж үзэж байна.

Завхан аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс хууль бусаар ашигт малтмал хайх гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн нэг хэргийн 2 шүүгдэгчид ял оногдуулсан нь тус аймагт энэ төрлийн гэмт хэргийн “бэлтгэх” үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэсэн анхны тохиолдол болсон.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий прокурорын газар


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *