Шүүх: Т.Шинэбаярыг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцсон


Сэтгүүлч Т.Шинэбаяр “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бага тэнгэрт тансаг хаустай” гэсэн бичлэгийг сайтынхаа цахим хуудсанд тавьсан. Үүний эсрэг “ЕТГ-ынхныг шантаажилсан” хэмээн ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг цагдаад хандсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “… Нэр бүхий фэйсбүүкийн хуудаснаас нийтийн албан тушаалтнуудын холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн эрхэлж буй ажил, албан тушаал, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хохирол учруулж болзошгүй агуулгатай мэдээ тараасан…” гэх гэмт хэргийн шинжтэй гомдол цагдаагийн байгууллагад гаргажээ.

Уг хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “Хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр Т.Шинэбаярыг 2026.10.10-ны өдрийн 05:10 цагаас эхлэн хойшлуулшгүйгээр баривчилсан аж. Уг шийдвэрийг хүчинтэйд тооцуулахаар нийслэлийн Прокурорын газар 2026.10.10-нд Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны шүүхэд ханджээ.

Шүүх уг саналыг хүлээн авч, хянаад “Шүүх хэрэг бүртгэлтийн явцад хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал зэргээс үзэхэд дээрх нөхцөл байдал тогтоогдсон” хэмээн үзжээ. Ингээд сэжигтэн Т.Шинэбаярын хувийн байдал, холбогдсон гэмт хэргийн шинжийг харгалзан, прокурорын саналыг хүлээн авч, түүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцсон тухай Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн мэдээллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *