25 настай малчин Г.Лодойдамба дауны хам шинжтэй. Түүний хувьд улсын аварга малчин болох тод мөрөөдөлтэй нэгэн. 2025 онд Сүхбаатар аймгийн төмөр замын коллежийг амжилттай төгссөн төмөр замчин. Гэхдээ төгссөн мэргэжлээрээ ажиллахаас малчин болохыг илүүд үзжээ. Мотоцикл хөлөглөн хонио хариулж, чөлөөт цагаараа гэрийнхээ гадаа сагс тоглож, турникээр суниан өөрийгөө хөгжүүлж, цагийг өнгөрүүлж байна.
Хөдөө орон нутагт хөгжлийн онцлогтой залууст зориулсан нийгэмшүүлэх, өөрийгөө хөгжүүлэх сургалт болон тэдэнд чиглэсэн арга хэмжээ, үйлчилгээ үл ялиг сул байдгийг түүний ар гэрийнхэн онцолж байлаа.
Г.Лодойдамба аймгийн төв рүү суралцахаар явахдаа өөрийн хайртай мал хуй, гэр хашаагаа ихэд санадаг байсан бөгөөд эргэн хөдөөдөө ирж малчин болох замаа тууштай сонгосон нь энэ юм.
Тэр сургуулиа төгсөөд буцаж ирэхдээ өөрийн хүссэн ногоон өнгийн “төмөр хүлгээ” сургуулиас олгосон тэтгэмжийн мөнгөөрөө худалдан авчээ. Мотоциклоо хүнгэнүүлэн мал руугаа давхих түүний харцанд ирээдүйн сайн малчин болох итгэл дүүрэн байлаа.
Хөгжлийн онцлогтой иргэд зөвхөн Улаанбаатар хотоор тогтохгүй хөдөөгийн малчин өрхөд хамтдаа амьдарч, амьдралын төлөө тэмцэж явдгийн нэгэн амьд жишээ нь мөрөөдөлдөө тэмүүлсэн малчин залуу Г.Лодойдамба байлаа.
