“Солонго 1, 2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч байна. Албан ёсны эх сурвалжгүй энэ төрлийн мэдээлэлд итгэж, захиалга өгөх зэрэг аливаа үйлдэл хийхгүй байхыг иргэддээ Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд А.Бат-Амгалан хэллээ.
Бүртгэл эхлэхтэй холбоотой албан ёсны мэдээллийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон “ТОСК” ТӨХХК-ийн цахим хуудсанд байршуулах юм байна.
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд барьж буй “Солонго-1, 2” орлогод нийцсэн орон сууцны хорооллын эхний ээлжийн 2,042 айлын орон сууцны сонгон шалгаруулалтыг энэ аравдугаар сард багтаан зарлахаар болжээ. Орон сууцны нэг ам метрийн үнийг 4.428 сая төгрөгөөр тооцсон ч эцсийн үнэлгээг хараахан баталгаажуулаагүй байна.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан аравдугаар сарын 12-нд энэ талаар мэдээлэхдээ, сонгон шалгаруулалтын журамд өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газарт танилцуулахаар бэлтгэж байгааг хэлжээ.
Тэрээр зорилтот бүлгийн иргэдэд орон сууцыг түрээслэх, түрээслээд өмчлөх зэрэг хэлбэрээр олгох боломжийг судалж байгаа бөгөөд нэг ам метрийн үнийг эцэслэн тогтоосны дараа сонгон шалгаруулалтын нөхцөлийг албан ёсоор зарлана гэв.
Төслийн эхний ээлжийн 27 блок, 2,042 айлын орон сууцны барилгад 2026 оны зургадугаар сард улсын комисс ажилласан. Нийт 5,002 айлын 66 блок орон сууц барихаар төлөвлөснөөс үлдсэн 2,960 айлыг 2027 оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Тус хорооллыг Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд БНСУ-ын Эксим банкны 266.9 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барьж байна.
Иргэдийг сонгон шалгаруулалтад хамруулахдаа “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д заасан шалгуурыг баримтлах бөгөөд бүртгэл, сонгон шалгаруулалтыг цахимаар явуулахаар төлөвлөжээ.
