Монгол, БНСУ-ын иргэд нэгнийхээ нутагт машин жолоодох эрхтэй болох гэж байна


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр (2026.10.14) 11:58 цагт 15 гишүүн ирснээр 51.7 хувийн ирцтэйгээр эхлэв. Засгийн газраас 2026.07.02-нд ирүүлсэн “Монгол Улсын Засгийн газар болон БНСУ-ын Засгийн газар хооронд богино хугацааны зорчигчдын тээврийн хэрэгсэл жолоодох болон жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөв. Холбогдох танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн хийлээ. Уг хэлэлцээрийн төслийг хоёр улсын ЗГ эцэслэн тохиролцоод байгаа аж.

Өнөөдрийн байдлаар манай улсын 60 гаруй мянган иргэн БНСУ-д ажиллаж, амьдарч байна. Энэ хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын богино хугацааны зорчигчид нөгөө талын нутаг дэвсгэрт нэг жил хүртэлх хугацаанд өөрийн олон улсын жолоодох эрхийн үнэмлэхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх аж. Түүнчлэн нэг жил буюу түүнээс дээш хугацаагаар хууль ёсоор оршин суугаа хоёр улсын иргэд онолын болон жолоодлогын нэмэлт шалгалт өгөхгүйгээр, өөрсдийн үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг нөгөө талын жолоодох эрхийн үнэмлэхээр шууд солиулах эрх зүйн зохицуулалт бүрдэх юм байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 17.4-т “Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцын гишүүн бус орноос олгогдсон жолоочийн үнэмлэхээр Монгол Улсад механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасан бөгөөд БНСУ нь энэхүү конвенцод нэгдээгүй байна. Иймд энэхүү хэлэлцээр нь дотоодын хууль тогтоомжоос өөр журам тогтоож байгаа, заавал соёрхон батлах гэрээнд хамаарч байгаа аж. Тиймээс Олон улсын гэрээний тухай хуулийн 8.1.3-т заасны дагуу холбогдох шийдвэрийн төслийг боловсруулжээ.

БНСУ-ын Засгийн газраас олгодог олон улсын жолоодох эрхийн үнэмлэх дэх тээврийн хэрэгслийн ангилал 5 байдаг бол Монгол Улсын Засгийн газраас олгодог олон улсын жолоодох эрхийн үнэмлэх дэх тээврийн хэрэгслийн ангилал 11 байдаг байна.

Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ “Ангилал тус бүрээр нь нарийвчлан хэлэлцэж, тохиролцоонд хүрсэн” хэмээн гишүүдэд танилцуулав.

БНСУ-ын 1 болон 2 дугаар ангиллын энгийн жолоодох эрхийн үнэмлэх эзэмшигчид Монгол Улсын В, С1, D1 ангиллын жолоодох эрхийн үнэмлэх авах боломжтой. В ангилал нь жолоочоос гадна 8 хүртэлх хүний суудалтай, 3.5 тонноос ихгүй жинтэй автомашин болон 750 кг-аас ихгүй чиргүүлтэй автомашин байна. С1 ангилал нь 7.5 тонноос ихгүй жинтэй ачааны автомашин болон 750 кг-аас ихгүй чиргүүлтэй автомашиныг хэлнэ. D1 ангилалд жолоочоос гадна 16 хүртэлх хүний суудалтай тээврийн хэрэгсэл болон 750 кг-аас ихгүй чиргүүлтэй автомашин хамаарна.

Харин Монгол Улсын В, С1, С, D1, D, ВЕ, С1Е, СЕ, D1Е, DE ангиллын жолоодох эрхийн үнэмлэх эзэмшигчид БНСУ-ын 2 дугаар ангиллын энгийн жолоодох эрхийн үнэмлэх авах боломжтой байхаар тохирчээ. Энэхүү үнэмлэхээр суудлын автомашин, 10 хүртэлх хүний суудалтай автобус, 4 тонноос ихгүй даацтай ачааны автомашин, 3.5 тонноос ихгүй жинтэй тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл (түргэн тусламжийн автомашинаас бусад) болон моторт унадаг дугуй жолоодох эрх үүсэх юм байна.

Жолоодох эрх цуцлах гэх мэт асуудал үүсвэл Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар, БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар жолоодох эрхийн үнэмлэхтэй холбоотой мэдээллийг харилцан солилцоно. Жолоодох эрх нь хязгаарлагдсан иргэний мэдээллийг шуурхай солилцож, үнэмлэхийг сольсон тохиолдолд холбогдох үнэмлэхийг хүчингүй болгох ажээ.

Эг хэлэлцээр хүчин төгөлдөр болбол хоёр улсын нутаг дэвсгэрт богино хугацаагаар зорчиж байгаа Монгол Улс, БНСУ-ын иргэд өөрийн улсын, хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэхээрээ тээврийн хэрэгсэл жолоодох эрх үүснэ. Түүнчлэн нэг жил буюу түүнээс дээш хугацаагаар хууль ёсоор оршин суугаа хоёр улсын иргэд онолын болон жолоодлогын нэмэлт шалгалт өгөхгүйгээр, өөрсдийн үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг нөгөө талын жолоодох эрхийн үнэмлэхээр шууд солиулах боломжтой болж байгаа гэдгийг Г.Тэмүүлэн сайд тайлбарлав.

Монгол Улс Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцод нэгдэн орсон. Уг конвенцод нэгдсэн 90 орчим улсад Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг хүчин төгөлдөр ашиглах боломжтой. Монгол Улсын иргэд тус конвенцын гишүүн орнуудад нэг хүртэлх жилийн хугацаанд жолоодох эрхийн үнэмлэхээ ашиглан, замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм.

Монгол Улс жилдээ 5000 орчим олон улсын жолоодох эрхийн үнэмлэх олгодог. Энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор ачаалал зохих хувиар нэмэгдэнэ. БНСУ-д амьдарч байгаа Монгол Улсын иргэн олон улсын жолоодох эрхийн үнэмлэх авах бол E-Mongolia.mn системээр хүсэлт илгээж, түүнийг нь ажлын 3 хоног шийдвэрлэн, үнэмлэхийг олгох юм байна. E-Mongolia.mn систем рүү нэвтрэх боломжгүй иргэн тухайн улсад байгаа Монгол Улсын Элчин сайдын яаманд хандан, Монгол Улсад байгаа нэг иргэн дээр итгэмжлэх хийж өгч, тухайн иргэн Цагдаагийн ерөнхий газрын холбогдох нэгжид холбогдох материалыг бүрдүүлж ирснээр үнэмлэхийг олгох боломжтой.

Тус хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг dайнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *