Ж.Галбадрах: 239 сургуульд спорт заал хүрэлцээгүй байна


УИХ-ын гишүүн, Боловсролыг дэмжих лобби бүлгийн ахлагч Ж.Галбадрах “Хэлэлцүүлэгт зориулж боловсролын салбарын удирдлага, багш, ажилтнуудаас санал асуусан. Санал асуулгад улсын хэмжээний 1092 сургууль, цэцэрлэг хамрагдсан нь нийт сургалтын байгууллагын 60 гаруй хувь. Оролцсон байгууллагуудын 67 хувь нь хүчин чадлаасаа хэтэрсэн ачаалалтай ажиллаж байгаа гэж хариулсан бол 62 хувь нь шинэ байр, өргөтгөл шаардлагатай гэжээ. Сургуулиудын 63 хувь нь хоёр ээлжээр хичээллэж байгаа бол 31 сургууль гуравдугаар ээлжинд шилжих эрсдэлтэй гэж хариулсан байна.

Улсын хэмжээнд 154 сургууль стандарт хангахгүй анги танхимтай. 126 сургууль спорт заал, цайны газрын хүрэлцээ муутай. 87 сургуульд анги дүүргэлт 35-аас давсан. 239 сургуульд спорт заал хүрэлцээгүй байна. Эдгээр тоо баримт хүүхдийн суралцах эрх, сургалтын чанарт шууд нөлөөлөхүйц асуудал” гэж УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсролын яам хамтран 10-р сары 15-нд зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэгт танилцуулав.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2027 оны төсвийн төслийн онцлог салбарын шинэчлэлийн бодлогыг товч танилцуулав. Тус салбарт нийт 7.5 их наяд төгрөгийн төсөв төлөвлөсөн нь ДНБ-ий 6.0 хувь, улсын төсвийн урсгал зардлын 17.8 хувьтай тэнцэж буй аж. Нийслэлд 3000-аас дээш сурагчтай 38 сургууль байна.

Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир”Цэцэрлэгийн хүртээмжийг үндсэндээ шийдвэрлэсэн бол ерөнхий боловсролын сургуулийн ачаалал ойрын жилүүдэд улам нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Сурагчдын тоо 2030 он хүртэл өсөх төлөвтэй байгаа. Иймд ерөнхий боловсролын сургуулийн хөрөнгө оруулалтыг хэрэгцээтэй бүсэд төвлөрүүлэх, ашиглалтын хугацаа дууссан барилгуудыг шинэчлэх, хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургуулийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. 2025-2027 онд 3 их наяд гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаагаас 2026 онд 45 сургууль, 24 цэцэрлэг ашиглалтад орж, 19.450 сурагчийн суудал, 3.815 хүүхдийн цэцэрлэгийн ор нэмэгдэж баайна” гэж мэдээллээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Улаанбаатар хотод ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын тоо жил бүр 20-30 мянгаар нэмэгдэж, ачааллыг улам хүндрүүлж байгаа. Сүүлийн таван жилд нийслэлд 133 цэцэрлэг, 52 сургууль ашиглалтад орж, нийт 54 мянга гаруй хүүхдийн хүчин чадал шинээр бий болсон ч хүртээмж бүрэн хангагдахгүй байгаа. Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд нийслэлийн дүүргүүдэд сургууль, цэцэрлэг, спорт заал зэрэг барилга байгууламжийн 53 төсөл, арга хэмжээнд 517.1 тэрбум төгрөгийн төсөв тусгаад байгаа. Нийслэлд 2030 он хүртэл 84 байршилд шинээр сургууль, цэцэрлэг барих шаардлагатай. Эдгээрийг хэрэгжүүлж чадвал ээлжийн коэффициент 2.1-ээс 1.3 болж буурч, сургуулийн ачаалал хэвийн түвшинд хүрэх тооцоо гарсан” гэж тайлбарлав.

Нийслэлийн 45-р сургуулийн захирал Ц.Пүрэвцэрэн “Манай сургуулийг 1956 онд эмнэлгийн зориулалтаар барьсан. Өнөөдөр 1377 хүүхэд сурч байгаа. Барилгыг ашиглах хугацаа бүрэн дууссан. Хичээлийн байрыг буулгаж, шинээр сургууль барих зураг төсөв бэлэн болсон. Үүнд 28.1 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарч байна” гэж танилцуулав.

Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын 165 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Я.Энхтуул “Манай цэцэрлэгийн барилгын ажил 2018 онд ажил эхэлсэн боловч зогсонги байдалд орж, энэ оны 6 дугаар сараас гүйцэтгэгч компанийг солиод дахин ажлыг эхлүүлж байна. Барилгыг үргэлжлүүлэн барих зардлыг 2027 оны төсвийн төсөлд тусгалгүй орхигдуулсан байна. Үүнийг эргэн харж, анхаарал хандуулж өгөөрэй” гэж хүслээ.

Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн сургалтын менежер Г.Ууганчимэг “1964 онд баригдсан байр маань стандарт шаардлага хангахгүй болсон. Улсын хэмжээнд ганц байдаг сургууль учир орон нутаг, алслагдсан дүүргээс хүүхдүүд ирж суралцдаг. Гэвч дотуур байр байхгүй учир хичээлийн байрныхаа нэг жигүүрт сурагчдаа амьдруулж, гурван ээлжээр хичээллэж байгаа” гэж хэллээ.

Тэдний асуулт, санал, хүсэлтэд Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир “Барилгын улсын байцаагчийн дүгнэлтээр цаашид ашиглах боломжгүй, эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй гэж дүгнэгдсэн 103 сургууль, 207 цэцэрлэг, мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын 12 барилга байгууламж байгаа. Эдгээрийг эрэмбэлж, үе шаттай шинэчилж байгаа. 2027 онд сургуулийн барилга шинээр барих 93 төсөл, арга хэмжээ төлөвлөсөн” гэж хариулав.

Нийслэлийн 11 дүгээр сургуулийн спорт заалны хана өнгөрсөн 9 дүгээр сард нурсан тухай тус сургуулийн захирал Б.Хишигбаяр мэдээлсэн бол 350 хүүхдийн багтаамжтай байранд 2500 хүүхэд суралцаж, 1.5 км зайтай түрээсийн хоёр байранд 1600 сурагч хичээллэж буйг 7 дугаар сургуулийн захирал Д.Дашдорж ярилаа. Зайсангийн 32 дугаар сургуулийн хотхоны бага сургуулийн түрээсийн санхүүжилт тасалдсанаас болж халаалтаа хаалгаад байгааг захирал Ч.Ундармаа мэдээллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *