“Walt Disney Animation Studios”-ийн “Hexed” бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино 2026.11.25-нд АНУ-ын кино театруудаар нээлтээ хийнэ. Энэ нь тус студийн 65 дахь бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино юм.
Кинонд өсвөр насны Билли Доу охин өөрийн нууцлаг ид шидийн чадварыг нээж, Хексе хэмээх шулмын ертөнцөд хөл тавьж буй тухай өгүүлнэ. Тэрээр ээж Алисийн хамт гэр бүлийн нууцыг тайлахын зэрэгцээ шулмын ертөнцийн хувь заяанд нөлөөлөх адал явдалд оролцоно.
Биллигийн дүрд Хейли Стайнфелд, ээж Алисийн дүрд Рашида Жонс, шулмын ертөнцийн хатан хаан Селестийн дүрд Оскарын хоёр удаагийн шагналт Жоди Фостер дуу оруулжээ. Мөн Уолтон Гоггинс гурван нүдтэй ид шидийн муур Биф Рожер Крамчукийн дүрийг бүтээсэн байна.
Киноны найруулагчаар Фоун Вирасунторн, Жейсон Хэнд нар ажиллаж, Жози Тринидад хамтран найруулжээ. Бүтээл нь ид шид, адал явдлаар дамжуулан эх, охин хоёрын харилцаа, өөрийгөө таньж мэдэх тухай өгүүлэх юм.
