АИ92 бензиний 10 хоногийн нөөцтэй байна


Шатахууны шуурхай штаб өнөөдрийн хурлаараа улсын хэмжээн дэх шатахууны нөөц, импортын нийлүүлэлт, түгээлтийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд байгаа шатахууны нөөц:

  • АИ-92 бензин 22 мянган тонн (10 хоногийн нөөц)
  • АИ-95 бензин 2,079 тонн (17 хоногийн нөөц)
  • Дизель түлш 108 мянган тонн (27 хоногийн нөөц)
  • Онгоцны түлш 7,089 тонн (34 хоногийн нөөц) байна.

Энэ сард ОХУ, БНХАУ болон гуравдагч орнуудаас нийт 78 мянган тонн АИ-92 бензин импортлохоор АҮЭБЯ төлөвлөжээ. Үүнээс одоогийн байдлаар 38 мянган тонныг хүлээн аваад байна.

АИ-92 бензиний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан Монополын эсрэг газар импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийг шалгаж байгаа аж. Шатахуун олголтын талаарх иргэдийн гомдол, мэдээллийг Цагдаагийн ерөнхий газар шалгаж байна.

Иргэдэд шатахуун түгээлтийн мэдээллийг ил тод, шуурхай хүргэх зорилгоор АМГТГ-ын Шатахууны менежментийн системийг Benzin.mn платформтой холбож байна. Ингэснээр Улаанбаатар хотын 264 шатахуун түгээх станцын (ШТС) шатахуун хүлээн авсан хугацаа, олгож буй түлшний төрөл болон дарааллын мэдээллийг бодит цагийн (real-time) горимоор харах боломж бүрдэж байгаа юм.

Түүнчлэн авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор төв зам дагуух зарим ШТС-ыг шатахуунаар тасралтгүй хангаж, 24 цагаар ажиллуулахаар төлөвлөжээ. Мөн шатахууны чанарт хийсэн лабораторийн шинжилгээний үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэхээр боллоо.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *