32 настай жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн хэрэг 2026.01.04-нд гарсан. Энэ хэрэгт тэдний хөрш М.Батчулууныг буруутай гэж анхан шатны шүүх үзэж, бүх насаар нь хорих ял оноосон. Тэд таарамжгүй харилцаатай байсан аж. М.Батчулуун С-ийн гэрт орж, бага насны хүүхэд хутгалж, хүнд гэмтэл санаатай учруулж, онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан алахыг завдсан. Жирэмсэн эмэгтэй М, бага насны хүүхдийг хутгалж, онц харгис хэрцгийгээр, хохирогч нарыг биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн гэдгийг мэдсээр байж, санаатай алсан гэж прокурор үзэж. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026.05.06-нд М.Батчулууныг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял шийтгэжээ. М.Батчулуун “Би гэмт хэрэг үйлдээгүй” хэмээн давж заалдсан аж.
Нийслэлийн эрүүгийн хэогийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг өнөөдөр бүхэлд нь хянаад, “Шүүгдэгч М.Батчулууны “…Биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн гэдгийг мэдсээр байж М-ийг хутгалж, онц харгис хэрцгийгээр алсан …” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар тусад нь зүйлчлээгүй орхигдуулсан байна. Давж заалдах шатны шүүх үүнийг нөхөн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй” гэж үзээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн 2.1 дэх хэсэг, 2.7 дахь хэсэгт “Хүнийг …онц харгис хэрцгийгээр; …хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж алсан бол 12-20 жил, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан. Тиймээс Эрүүгийн хуулийг анхан шатны шүүх буруу хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх үзжээ.
