Иргэн Д.Ц зам тээврийн ослоор ганц хүүгээ алджээ. Харж ханддаг, тэжээдэг ганц хүнээ алдсан тул тэрээр хүүгийнх аминд хүрсэн Б.Б, Д.Б нараас гэм хорын хохиролд 128.067.271 төгрөг, цаашид тэжээн тэтгэх төлбөрт сар бүр 2.144.145 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Анхан шатны шүүх түүний нэхэмжлэлийг хэлэлцээд, хариуцагч нараас нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 15 сая төгрөг, бусад зардалд 5.781.740 төгрөг, нийт 20.781.740 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ. Харин нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон цаашид сар бүр тэжээн тэтгэх төлбөр гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон аж.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр гаргуулах шаардлагыг хангахгүй орхисон байна. Харин Иргэний хуулийн 508.2-т заасан зохицуулалтыг үндэслэн, талийгаачийн орлого, тэжээн тэтгэхтэй холбоотой төлбөрийг тооцож, хариуцагч Б.Батзоригоос өмнөх хугацааны төлбөр гаргуулах, цаашид сар бүр 536.036 төгрөгийг нэхэмжлэгчид бүх насаар нь олгохоор шийдвэрлэжээ.
Үүнийг Б.Батзориг эсэргүүцэн УДШ-д гомдол гаргасан байна. УДШ-ийн Иргэний хэргийн шүүх 2026.10.20-нд уг хэргийг хэлэлцээд “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хуулийн зохицуулалтыг 2022.09.06-нд үйлдэгдсэн хэрэгт буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй” гэж үзэв.
Харин талийгаачийн орлого, тэжээн тэтгэхтэй холбоотой төлбөрийг тооцохдоо давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбар, банкны дансны хуулгад үндэслэсэн нь учир дутагдалтай гэж үзэв. Иймд Иргэний хуулийн 508.2-т заасны дагуу тухайн хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг харгалзан, гэр бүлийн 4 гишүүнд ногдох хэсгээр тооцох нь зүйтэй гэж дүгнэжээ.
Ингээд хариуцагч Б.Батзоригоос 2022.09.06-2026.10.20 хүртэлх хугацааны тэжээн тэтгэх төлбөрт 8.195.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц-д олгож, цаашид сар бүр 198.000 төгрөгийг бүх насаар нь олгохоор шийдвэрлэв.
