Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ өнөөдрийн чуулганаар хэлэлцэхэд, хуралдаа ирсэн 90 гишүүний 52 нь эсрэг санал өгч, уг төслийг унагалаа. Улсын төсвөөс зарцуулсан мөнгийг бүхэлд нь, бүх задаргаатайгаар нь баталгаажуулан, цахимд байрлуулж, олон нийтэд танилцуулдаг болгохоор УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нарын 31 гишүүн уг хуулийн төслийг санаачилж, 2026.09.29-нд парламентад өргөн барьсан юм. Энэ төсөл батлагдсан бол байгалийн баялаг, татвар төлөгчдийн мөнгийг юунд зарцуулж байгааг иргэд мэдэх эрхтэй болох байлаа.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-Улсын төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 31 гишүүн өргөн барьсан. Энэхүү хуулийн төсөлд татвар төлөгчдийн мөнгийг бүхэлд нь, бүх задаргаатайгаар нь баталгаажуулсан хэлбэрээр цахимд байршуулдаг байя гэдэг өөрчлөлт оруулах гэж байсан. Гэтэл хуулийн төслөө хамтран санаачлаад, гарын үсэг зурсан МАН-ын гишүүд эсрэг санал дараад, хуулийн төслөө дэмжүүлж чадсангүй.
Татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтыг задаргаа бүрээр нь олон нийтэд онлайнд нээлттэй болгох хуулийн төслийг хэлэлцүүлэх саналыг энэ удаа дэмжүүлж чадсангүй. МАН-ын гишүүд хамтран санаачилсан хуулийн төслийнхөө эсрэг санал өгч байгаа нь энэ нам төсвийг хаалттай байлгах маш том эрх ашигтай гэдгийн баталгаа.

Монгол Улсын төсөв МАН-ыг тэжээх үүрэггүй. Төсвийн ил тод байдлыг шаардах иргэдийн эрх ашиг энэ санал хураалтаар дуусахгүй.
Улсын төсвийг онлайн нээлттэй болгох хуулийн төслийг 31 гишүүн хамтран санаачилж, гарын үсгээ зураад өргөн барьсан. Энэ бол бага тоо биш. Маш их гишүүд дэмжсэн. Гэтэл яг хэлэлцүүлгийн үеэр МАН-ын гишүүд эсрэг санал дарж байгаа нь итгэл үнэмшлээсээ буцаж байгаа хэлбэр. Мөн хууль санаачлагчид өөрсдөө хариуцлагагүй байна. Санаачилсан хуулийн төслөө өөрсдөө эсрэг дараад унагаж байгаа нь байж боломгүй үйлдэл.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Төсвийн задаргааг ил болгох хуулийн төслийг хамт өргөн барьсан гишүүд нь намдаа дарамтлуулсан юм уу яасан юм, чиглэл аваад унагаачихлаа. ЗГ саналаа 3-р хэлэлцүүлгийн дараа татаж байгаа нь өрсөж бэлдсэн заль. Одоо гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргах боломжгүй. ЗГ-ын төсөв энэ хэвээр явна гэсэн үг.
