Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгч өнөөдөр Хөгжлийн банкны гэх тодотголтой Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нарын 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянаад, УДШ-ээр хэлэлцүүлэхээс татгалзлаа. Ингэснээр уг хэргийг анхаш шатны шүүх дахин хэлэлцэхээр болж байна.
“Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон. Эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй хэрэгт эрх зүйн дүгнэлт өгөх замаар хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг хянах боломжгүй. Мөн оролцогчдын гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй байна” гэж тус шүүх үзсэн байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр
Энэ хэргийн шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025 онд болж, 42 холбогдогчоос 19 хүнийг шүүх гэм буруутайд тооцож, 23 хүнийг гэм буруугүй гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан юм.
Энэ хэрэгт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, сайд асан Н.Батбаяр нарыг холбогдуулан, Эрүүгийн хуулийн 22.1-2-т зааснаар буруутган, шүүх хэлэлцсэн юм.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэр
Хөгжлийн банкны хэргийг 2026.03.10-нд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэн, Н.Алтанхуягийг анхан шатны шүүх цагаатгахаар шийдвэрлэснийг хүчингүйд тооцов. Мөн шүүгдэгч Т.Пүрэвсүрэн, С.Батзориг, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвэр, Г.Одонтуул, Б.Батзаяа, Б.Найдалаа нарт холбогдох хэргийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ.
2022 онд тус хэргийг нийт 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдуулан нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байв. Үүнээс хойш гурван шатны шүүхээр тус хэргийг хэлэлцэж өнөөдрийг хүрсэн юм.
