ТӨСВИЙГ ХЭЛЭЛЦЭХ ГЭЖ ОРОМДДОГ БОЛЛОО
Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлох учиртай улсын төсөв нам, улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашгийн зөрчлийн барьцаа болж, жил бүрийн намрын улс төрийн тэмцэлд дарагддаг боллоо. Төсөв хэлэлцэх, батлах үйл явц жилээс жилд чанараа алдаж, УИХ-ын гишүүдийн ирц, оролцоо, хариуцлагын асуудал төсвийн бодлогод ноцтой эрсдэл учруулж байна.
Улс төрийн хүчнүүд төсвөөр барьцаалан шахалт үзүүлж, хэлэлцүүлгийг бойкотлон, хууль тогтоох үндсэн үүргээ хойш тавьсаар төсөв батлах хугацааг хуулийн эцсийн өдөрт тулгадаг жишиг тогтов. Үүний уршгаар улс орны бүтэн жилийн орлого, зарлагыг тодорхойлох хамгийн чухал баримт бичгийг хангалттай хэлэлцэж, нягталж чадалгүй, цаг хугацаанд шахагдан баталж, удалгүй өөрсдийн баталсан төсөвтөө дахин тодотгол хийдэг гажуудал давтагдах боллоо.
Улсын төсөв бол улс төрийн наймааны хэрэгсэл биш, улс орны хөгжлийн бодлого. Гэтэл төсвийн хэлэлцүүлэг бодлогын мэтгэлцээн бус, улс төрийн хүчний харьцаа тогтоох талбар болж хувирсан нь парламентын хариуцлага, төсвийн сахилга бат, төрийн бодлогын тогтвортой байдалд анхааруулах дохио болж байна.
ТӨСӨВ СОНГУУЛЬД БЭЛТГЭХ ХЭРЭГСЭЛ БОЛОВ
Монгол Улсын төсвийн бодлого сонгуулийн мөчлөгөөс хамаардаг байдал 2027 оны төсөвт дахин ажиглагдаж байна. Сонгууль ойртох тусам төсвийн зарлага тэлдэг олон жилийн хандлага энэ удаад ч анхаарал татав.
Сүүлийн 26 жилийн буюу 2000 оноос хойших төсвийн зарлагын өсөлтийг харьцуулбал, сонгуулийн болон сонгуулийн өмнөх жилүүдэд төсвийн зарлага дунджаар 21.6 хувиар нэмэгдсэн бол бусад жилд 16.8 хувиар өсжээ. Өөрөөр хэлбэл, сонгуультай холбоотой жилүүдэд төсвийн зарлагын өсөлт бусад үеийнхээс дунджаар 4.8 нэгж хувиар өндөр байна.
Энэ зүй тогтол 2027 оны төсөвт ч давтагдаж байгаа нь төсвийн зарлагыг эдийн засгийн бодит хэрэгцээ, хөгжлийн урт хугацааны зорилтод нийцүүлэн төлөвлөхөөсөө илүүтэй сонгуулийн мөчлөгт захируулж байна гэсэн дүгнэлтэд эрхгүй хөтөлж байгаа юм.
Улсын төсөв дөрвөн жилийн сонгуулийн мөчлөгт биш, улс орны урт хугацааны хөгжлийн зорилгод чиглэх ёстой. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгууль болох 2027 онд төсвийн зардлыг 2026 оны хүлээгдэж буй дүнгээс 28 хувиар өсгөхөөр байгаа нь Засгийн газар сонгуульд зориулсан төсөв оруулж ирсний баталгаа юм.
ЦАЛИН ТЭТГЭВРИЙН ТӨСӨВ БОЛОХ ЭРСДЭЛ
Сонгууль дөхөх бүрд төсвийн зарлага тэлж, тэр дундаа урсгал зардал, төрийн албан хаагчдын цалингийн сан огцом нэмэгддэг зүй тогтол 2027 оны төсвийн төсөлд ч туссан байна. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх нь зайлшгүй хэрэгцээ байж болох ч үүнийг сонгуулийн мөчлөгтэй уялдуулан, төсвийн бодит боломж, бүтээмжийн өсөлтөөс ангид шийдвэрлэж байгаа нь өөрөө асуудал юм.
Татвар төлөгчдийн мөнгөөр төрийн албыг улам тэлж, сонгуулийн өмнө цалингийн зардлыг өсгөдөг бодлого нь төсвийг улс төрийн богино хугацааны ашиг сонирхолд үйлчлэх санхүүжилтийн эх үүсвэр болгох эрсдэлтэй. Нэг удаа нэмэгдсэн цалингийн зардал дараагийн жилүүдэд ч төсөвт байнгын дарамт учруулдаг. Иймээс сонгуулийн өмнөх цалингийн өсөлтийн цаана төрийн албаны бодит хэрэгцээ, үр ашиг байгаа эсэхийг нягтлах шаардлагатай.
ТӨСВИЙГ ИЛ ТОД БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Улсын төсөв бол төрийн нууц биш. Татвар төлөгч бүрийн мэдэх эрхтэй мэдээлэл. Гэтэл өнөөдөр төсвийн төслийг жирийн иргэн уншаад ойлгох, сэтгүүлч, судлаачид нарийвчлан шинжлэх боломж хязгаарлагдмал хэвээр байна. Тэрбум тэрбумаар нь мөнгө баталдаг атлаа хэнд, юунд, ямар үндэслэлээр зарцуулах нь тодорхойгүй байж болохгүй. Түүнийг нь заавал эрэн сурвалжилж олох албагүй. Иймд төсвийн төгрөг бүрийн зарцуулалтыг дэлгэрэнгүй задаргаатай, нээлттэй өгөгдөл болгож, төсөл, арга хэмжээ бүрийг тусгай код, дугаараар төлөвлөлтөөс гүйцэтгэл хүртэл хянах боломж бүрдүүлэхийг шаардаж байна.
Төсвийг Засгийн газар боловсруулдаг ч хэлэлцэж, баталж, хянах нь Үндсэн хуулиар олгогдсон УИХ-ын онцгой бүрэн эрх. Тиймээс парламент төсвийг намрын улс төрийн барьцаа бус, иргэдийн өмнө хүлээсэн хамгийн том хариуцлагынхаа нэг гэж үзэх учиртай. Татвар төлөгчид мөнгө нь хаашаа урсаж байгааг мэдэх эрхтэй. Төр төгрөг бүрийнхээ зарцуулалтыг тайлагнах үүргээ УИХ, Засгийн газар хэрэгжүүлнэ үү!
