УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн болон ахмадын цогц тусламж, үйлчилгээний асуудлаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр сонсов. Тус ажлыг хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат ахалж, бүрэлдэхүүнд нь гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, М.Нарантуяа-Нара, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Л.Энхнасан нар ажилласан байна.
Ажлын хэсэг улсын хэмжээнд зургаан бүсэд 1700 орчим ахмад настны оролцоотой хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагын саналыг нэгтгэсэн байна. Монгол Улсад хүн амын насжилт эрчимжиж, 2026 оны байдлаар 444 мянга гаруй ахмад настан бий байна. Үүний 68 хувь нь эмэгтэй, дундаж нас 71.8 болжээ. 2025 оны байдлаар 101.5 мянган ахмад настан хөдөлмөр эрхэлж байгаа нь нийт ахмад настны 24.6 хувь аж.
Ахмад настны асуудлыг зөвхөн тэтгэврээр хязгаарлах бус эрүүл мэнд, асаргаа, хөдөлмөр эрхлэлт, орлогын баталгаа, нийгмийн оролцоог хамарсан цогц бодлого шаардлагатай гэнэ. Өндөр насны тэтгэвэр авагчдын тодорхой хэсэг хөдөлмөрийн зах зээлд үргэлжлэн оролцож байгаа ч бизнесийн болон хөдөлмөр эрхлэлтийн зээлийн хүртээмж хангалтгүй, хүү өндөр байгаа нь тулгамдсан асуудал болж буйг онцоллоо. Өнөөдрийн байдлаар 529.7 мянган хүн тэтгэвэр авч байгаа аж. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 769 мянган төгрөг, дундаж тэтгэвэр 950 мянган төгрөг байгаа юм.
Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, суурь тэтгэвэр, нийгмийн даатгалын тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэврээс бүрдэх гурван давхаргат тогтолцоог бий болгохоор болсон. 11-р сард суурь тэтгэвэр олгох юм.
