ХЭҮК-ын гишүүн Д.Энхболд “Цагдан хорьсон, шүүхийн шийдвэргүй баривчилсан тухай ХЭҮК-т 2024 онд 360, 2025 онд 407, 2026 онд 303 гомдол ирсэн. Эдгээр нь нийт гомдол, мэдээллийн 27.6 хувийг эзэлж байна. “Цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцдоггүй” гэсэн гомдол их ирдэг. Өмгөөлөгч нар “Цагдан хорихдоо талууд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхгүй байна” гэж үздэг. Хойшлуулшгүй арга хэмжээгээр баривчлагдсан хүмүүсийн өмгөөлөгч авах эрх хангалтгүй байна. Цаашид шүүгчийн захирамжид цагдан хорих болон хорих хугацааг сунгасан үндэслэл, шийдвэрийн талаар тодорхой бичих шаардлагатай” гэж УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд өнөөдөр /2026.10.28/ танилцууллаа.
Тус комисс төлөвлөгөөт, гомдлын дагуу, гэнэтийн гэсэн гурван төрлийн шалгалт хийдэг аж. 2026 он гарснаас хойш төлөвлөгөөт 3, орон нутагт 13 гэнэтийн шалгалт хийжээ.
УИХ-ын Тамгын газрын Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн үнэлгээний газрын референт Г.Нямгэрэл “Цагдан хорих, баривчлах хойшлуулшгүй ажиллагаатай холбоотой УИХ-ын 5 тогтоолын 12 заалтад дүн шинжилгээ хийхэд, хэрэгжилт 75 хувьтай байна” гэж мэдээллээ.
“УИХ 2024, 2025 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш хуулийн хэрэгжилтийг үнэлээгүй” гэж ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Цолмонг танилцуулахад УИХ-ын гишүүн П.Сайнзориг “2 жил юу ч хийгээгүй байна гэж байж болохгүй. Хуулийн хэрэгжилтийг улирал тутам мэдээлж, хагас жил тутам хэлэлцэх ёстой” гэж сануулав.
ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Д.Одсэр “Өнөөдрийн байдлаар 3350 гаруй хүн цагдан хоригдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас хохирсон гэх 5 хэрэг хяналтад байгаа” гэв.
УЕПГ-ын Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, ахлах прокурор Ч.Мөнх-Эрдэнэ “Сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчлах тохиолдол 2019-2025 онд цөөрсөн. Энэ оны эхний 3 улиралд цагдан хорих арга хэмжээтэй холбоотой 246 гомдол ирсэн” гэлээ.
Хууль зүйн туслалцааны төв жилд эрүүгийн 2700-3000 орчим хэргийн холбогдогчийг өмгөөлж байна. Хохирлыг барагдуулахаар ХЭҮК төлөөлөн нэхэмжлэл гаргадаг аж. 2022 оноос хойш 42 нэхэмжлэл гаргажээ. Үүний 31-ийг шүүх хангасан байна.
Имй мэдээлэл сонссоны дараа баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт явуулах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шаардлагатай УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг тус хороо олонхын саналаар батлав.
