Улаанбаатар хотын музейг төлбөргүй үзээрэй


Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойг тохиолдуулан, 10-р сарын 26-30-нд Улаанбаатар хотын музейг үзэгчдэд үнэ төлбөргүй үзүүлж байна. Та бүхэн нийслэл хотынхоо түүх, соёлтой танилцаарай. Хэрэв 15-аас олон хүнтэй хамт олон, байгууллага тус музейг үзэх бол (+976) 11450960 дугаарын утсаар урьдчилан захиалга өгөх юм байна.

1639 онд Ихмонгол уулын өвөр, Багамонгол уулын ар бэл дэх Ширээтцагаан нуурын хөвөөнд Шарбүсийн хот байгуулжээ. Үүнийг өнөөгийн Улаанбаатар хотын эхлэл гэж зарим түүхч үздэг. Өргөө хот 1639-1778 оны хооронд 28 удаа нүүж, Өргөө, Номынхүрээ, Иххүрээ, Нийслэлхүрээ хэмээн нэрлэгдэж байжээ.

Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараа 1912.02.09-нд Иххүрээг хаант Монгол Улсын Нийслэлхүрээ хэмээн зарласан байна. 1924 онд Үндсэн хууль баталж, Улаанбаатар хот гэж нэрлэсэн юм.

Улаанбаатар хотын музей Бөхийн өргөөний зүүн талд байрладаг. Нийслэлийн бүх цаг үеийн түүхийг өгүүлэх тус музей нийт 3546 үзмэртэй. Энэ музейн барилга нь өөрөө үзмэр болжээ. Уг түүхэн дурсгалт барилгыг 107 жилийн өмнө барьжээ. Уг барилгыг 1971 онд хотын хамгаалалтад, 2020 онд улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *