Нью-Йоркийн марафоны замын цэнхэр шугамыг 50 дахь жилдээ будлаа


АНУ-ын Нью-Йорк хотод жил бүр зохион байгуулдаг TCS New York City Marathon гүйлтийн замыг тэмдэглэдэг уламжлалт цэнхэр шугамыг аравдугаар сарын 28-нд Төв цэцэрлэгт хүрээлэнд будлаа. Энэ жил тус шугам хотын таван дүүргийг холбосон замд тавигдаж эхэлсний 50 жилийн ой тохиож байна.

Марафоны уралдааны захирал Тед Метеллусын хэлснээр, цэнхэр шугам нь зөвхөн тэргүүлэгч гүйгчдэд зам заахаас гадна Нью-Йорк хотын таван дүүргийг холбосон бэлгэдэл юм. Уралдааны замд цэнхэрээс гадна улбар шар, ягаан өнгийн шугам ч татдаг ажээ.

Тэрбээр марафон сүүлийн 50 жилийн турш Нью-Йоркчуудын амьдралын нэг хэсэг байсаар ирснийг онцолж, үе үеийн гэр бүл, найз нөхөд гүйгчдийг замын дагуу дэмжин хөгжөөнө гэдгийг дурджээ.

Нийт 42.195 километрийн урттай марафоны зам Статен-Айленд дүүргийн Верразано-Нарроузын гүүрний ойролцоо эхэлж, Бруклин, Куинс, Манхэттэн, Бронкс дүүргээр дайран, Манхэттэнд барианд ордог. Энэ жилийн уралдаан арваннэгдүгээр сарын 1-ний ням гарагт болох бөгөөд 60 мянга гаруй гүйгч оролцохоор төлөвлөжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *