Хэрэглээний зээлээ төлж чадахгүй байгаа иргэдийн зээл төлөх хугацааг 48 хүртэлх сараар сунгахаар боллоо


Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр (2026.11.03) хуралдаж, нэмэлт зээл олгохгүй хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа болон зээл төлөх хугацаанд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. Өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээл авсан хүнд нэмэлт зээл олгохгүйгээр зээл төлөх хугацааг нь нийт 48 хүртэлх сараар сунгах юм байна. Ийм зээлд өр, орлогын харьцааны хязгаарлалт үйлчлэхгүй аж. Учир нь “Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн зээлд бүтцийн өөрчлөлт хийх орон зайг нэмэгдүүлэх нь зээлдэгчийн санхүүгийн дарамтыг бууруулж, зээлээ үргэлжлүүлэн төлөх, төлбөрийн чадвараа сэргээхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой” гэж тус хороо үзжээ.

Банкны системийн эрсдэлд хийсэн шинжилгээгээр хүмүүс зээл авах нь багасаж, хэрэглээний зээлээ төлж чадахгүй болж байгаа хүмүүс цөөрөхгүй байгаа аж. Айл өрхийн өрийн дарамт, хэрэглээний зээлийн чанар Монголбанкны анхаарлыг татаж байна. Өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний чанаргүй зээл 2026 оны 9 дүгээр сард 9.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 хувиар нэмэгджээ.

Банк, ББСБ хэрэглээний зээл олгохдоо өөр өөр шалгуур тавьдаг. Үүнийг ашиглан иргэд олон байгууллагаас зэрэг зээл авч, өрийн дарамтад орох нь олширч байна. Банк цалин, малчны зээл, автомашины зээлээ төлж чадахгүй байгаа хүний зээлийн хугацааг сунгаж, сард төлөх төлбөрийн хэмжээг багасгах боломж хязгаарлагдмал юм байна. Тиймээс ийм хязгаарлалтаас банкуудыг чөлөөлөхөөр Мөнгөний бодлогын хороо шийдвэрлэжээ.

2026 оны 9 дүгээр сарын байдлаар банкнаас зээл аваад, төлж дуусаагүй 1.2 сая зээлдэгч байв. Тэдний 66.4 хувийнх нь өр, орлогын харьцаа 45 хувиас дээш байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *