Багануурын батарей хуримтлуурын станц 2026 оны есдүгээр сард төвийн эрчим хүчний нэгдсэн системд 5.5 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч нийлүүлжээ.
Тус станц нь шөнийн цагаар эрчим хүчний хэрэглээ багасах үед илүүдэл цахилгааныг хуримтлуулж, өдрийн оргил ачааллын үеэр төвийн системд буцаан нийлүүлдэг онцлогтой. Ингэснээр цахилгаан эрчим хүчний хэрэглээний ачааллыг тэнцвэржүүлэх, системийн найдвартай ажиллагааг хангахад хувь нэмэр оруулж байна.
Багануурын батарей хуримтлуурын станц нь 50 МВт чадал, 200 МВт.цаг багтаамжтай бөгөөд 2024 оны арванхоёрдугаар сарын 5-наас төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн.
Батарей хуримтлуурын станц нь эрчим хүчний оргил ачааллыг бууруулах, шөнийн илүүдэл эрчим хүчийг үр ашигтай ашиглах, цаашид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг системд нэгтгэхэд чухал ач холбогдолтой юм.
