С.Х, П.Х нар метамфетамин гэх мансууруулах бодис агуулсан, “мөс” гэх, цэвэр жин нь 0.1 грамм (0.0903 грамм) хэмжээтэй, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. Тэд 2024.11.14-ний 10 цагийн үед уг бодисоо хүнээс авч, 14 цаг хүртэл “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалж яваад баригджээ.
Энэ хэргийг анхан шатны шүүх “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан. Прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, зөв байна” гэж үзээд, С.Х-д 2 жил 6 сар, П.Х-г 1 жил 6 сар оршин суугаа дүүргийн нутаг дэвгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөр газарт зорчихыг хязгаарлах ялаар шийтгэжээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн аж.
Гэтэл нийслэлийн Прокурорын газар “Шүүгдэгч С.Х-д зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаагүй. Үйлдсэн хэргийнх нь нийгэмд аюултай шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзээгүй байна. Шүүгдэгч С.Х өмнө үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял дуусахаас 1 сарын өмнө дахин сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогдож, гэм буруутайд тооцогдсон. Өмнөх ял нь түүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангаагүй байна. Одоо хорихоос өөр ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх ял нэгтгэх журмыг буруу хэрэглэн, шүүгдэгч С.Х-ийн өмнө оногдуулсан ялыг эдэлж дууссан гэж тооцсон байна. Иймд 2 шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” хэмээн эсэргүүцэл бичжээ.
УДШ өнөөдөр үүнийг хянаад, “Шүүгдэгч П.Х-ийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байна. Түүнд холбогдох хэсгийг хэвээр нь үлдээх нь зүйтэй” гэж үзэв.
Шүүгдэгч С.Х өмнөх ялын хугацаа дуусаагүй байхад дахин ижил төрлийн гэмт хэрэг үйлджээ. Түүнд шүүх өмнөх ялтай нь ижил ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаагүй. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд нь тохироогүй гэсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна” гэж үзжээ. Иймд өмнөх 2 шатны шүүхийн шийдвэрийн түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд урьд авагдсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Одоо С.Х-д холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэх юм.
