Чингис хаан одонт, академич С.Нарангэрэл “Их засаг – Еетөнцийн мөнхийн хууль” сэдвээр илтгэл тавилаа.
Тэрбээр илтгэлдээ зургаан сэдвийг хөндөв. “XIII зууны сурвалж бичгүүдээс Их засгийг эрэлхийлсэн нь” гэсэн хэсэгт Чингис хааны засаг (хууль)-ийг үл өөрчилж, хадгалан баримтлах аваас Мөнх тэнгэр хишгээ хүртээж, өнө мөнхөд гэр хотлоороо энх амар, төрөл саднаараа түвшин жаргалтай байх болмуй хэмээн “Судрын чуулган”-д онцлон тэмдэглэсний учрыг тайлахын тулд Их Эзэн Чингис хааныг энх тунх байх үеийн сурвалж бичгийг нягтлан судалсан. Тэдгээр болон бусад олон сурвалж Чингис хааны Их засгийн утга учрыг ойлгож ухаарах боломжтой болгосон.
Гадаад, дотоодын судлаачид одоогийнх шиг бичмэл хууль байсан, эх нь олдохгүй байна гэсэн гаргалгааны үндсэн дээр “Засаг хууль”, “Их засаг хууль”, “Чингис хааны Их засаг хууль” хэмээсэн нэрийн дор судалгаа шинжилгээний ажлыг олон зууны туршид хийсээр ирсэн. “Их засаг ба эдүгээгийн бодрол” хэсэгтээ дурдав. Засаг гэсэн үг Их Монгол Улсын үед бичигдсэн исламын сурвалж бичгүүдээс үүдэлтэй байна. Энэхүү YASAG (ЯСА) гэсэн үг монгол хэлнээ “Засаг хууль” хэмээн хөрвүүлэгджээ. Засаг гэсэн үг Монголын нууц товчооны 11 зүйлд ч байгаа. Үгийн язгуур нь засах гэсэн үйл үг. Эл үг чухам ямар утга санаа агуулж байгааг XVIII зууны эхэн үед зохиосон “Хорин нэгтийн тайлбар толь”-д мууг сайн болгон халах, Тэнгэрийн доорх хэргийг шийтгэх хэмээн тайлбарласан байна. Харин энэ бүхний эцэст гадаад, дотоодод нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн Их засаг хууль чухам ямар агуулгатай байсан гэдэг асуудал өөрийн эрхгүй урган гарна.
Тиймээс Чингис хааны Их засгийн амин сүнс нь ёс суртахуун юм байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
“Их засаг Дэлхий дахиныг амар амгалан болгож байжээ. Дэлхий дахинд шударга ёс, энхийг тогтоочихоод монголчууд нутаг руугаа бушуу түргэн буцаад явчихдаг байсан. Их эзэн Чингис хааны Хорезмын шахад явуулсан илгээлтэд “Бидний хил хязгаар ойртож, өстөн дайснаас цэвэршээд, бүгд даган захирагдаж, хоёр тал айлсан суух нь хөдөлбөргүй болсон ажгуу. Хоёр тал эелдэх зам мөрийг гаргаж, таагүй явдал тохиолдоход нэг нэгэндээ тусламжийн гараа сунгаж, их замаар зорчин явахад айх аюулгүй болгон, дэлхийг цэцэглүүлэн хөгжүүлэх гол үүрэгтэй худалдаачдыг айван тайван ирж очиж байдаг болгохыг оюун ухаан, сайн санаа шаардах болвой. Чингэж хэлэлцэн тохирч чадваас айх ичих бүх шалтгаан үгүй болоод хахууль, зөрчил зөрөлдөөн дэврэх шалтаг устах буй заа” хэмээн бичсэн байдаг. Ингэж хоёр жарны туршид хүн төрөлхтөн Чингис хааны Их засгийн ачаар амар амгалан аж төрж байсан нь бодит үнэн юм.
Суут сэтгэгч Монтесько “Зарим улсад хууль тогтоогчдын гол зорилго нь ард олныхоо амар амгалан амьдралыг хангахыг эрмэлзэхэд оршмуй. Тэдний хүслээр хүн бүхэн бие биеэ дээдлэн хүндэтгэх, хүн бүхэн, хором бүр өрөөл бусдад юутай их өртэй билээ гэдгээ мэдрэх, аль нэг талаар бусад иргэнээс хамаардаггүй байх ёсгүй гэсэнд оршдог” гэж бичсэн. Энэ нь Чингис хааны тогтоосон Их засаг хуулийн амин сүнсийг хэлсэн хэрэг” хэмээн илтгэв.
