Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна. Уг нь энэ хэлэлцүүлэг 2026.10.27-нд болох байсан ч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлуулсан юм.
Н.Баяртсайханд холбогдох албан тушаалын хэргийг нийслэлийн Прокурорын газар хянаж дуусаад, Эрүүгийн хуулийн 22.1.3 (Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, 2026.09.30-нд шүүхэд шилжүүлсэн.
“Капитал“ банканд томилогдсон Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүдтэй Н.Баяртсайхан “Капитал” банканд томилогдсон банкны эрх хүлээн авагчийн ажиллах гэрээ” байгуулжээ. Үүгээрээ тэр бусдад давуу байдал бий болгож, “Капитал банк” ХХК-д 1.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэнэ.
Тус банк төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй болсон байхдаа 2015.01.01-2019.04.08-ны хооронд Монголбанк руу 111 удаа заавал байлгах нөөцийн тайлан явуулжээ. Уг тайлангаас харвал тус банк төгрөгийн болон валютын заавал байх нөөцийг бүрдүүлээгүй байсан аж. Ийм банканд Монголбанк санхүүгийн байдлыг нь сайжруулж, алдагдлыг багасгах зорилгоор удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах ёстой. Эсвэл тухайн банкийг албадан татан буулгах бүрэн эрхтэй. Гэвч уг бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй удаашруулж “Капитал банк” ХХК-д давуу байдал бий болгосон юм байна.
УИХ Н.Баяртсайханы албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг 2019.11.21-нд хүлээн авч, ёсоор болгосон. Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.
Түүнийг гадаад явсан хойгуур “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж, Монгол Улсад 2024.10.24-нд буцаж ирсэн даруйд нь АТГ 48 цаг саатуулан, шалгаж, одоо хэргийг нь шүүх гэж байна.
