Монгол Улсын Ерөнхий сайд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд Н.Учрал:
-Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна. ЗГ-ын үйл ажиллагаа хэвийн явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаа хүлээлгэн өгч, энгийн иргэний хувиар шалгуулахаар болсон. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд төрийн тэргүүний гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна.
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр өглөө. Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлөхөөр Засгийн газар шийдвэрлэж, УИХ-д танилцуулахаар боллоо.
Сөрөг хүчний шаардлагад тавигдсан үндэслэл болох Гашуунсухайтын төмөр зам, “Бодь групп”-ийн оффтэйк гэрээтэй холбоотой байр сууриа илэрхийлье. Улсын Ерөнхий сайдын хувьд, Гашуунсухайтын төмөр зам, “Бодь групп”-ийн оффтэйк гэрээтэй нэр нь холбогдсон, ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан, тухайн үед тар засагт ажиллаж байсан, шийдвэр гаргалцсан, төрийн бүх өндөр албан тушаалтнууд бүгдээрээ шалгуулах ёстой гэдэг байр суурьтай байгаа.
Үүнд танай, манай гэлтгүй, хүний өөрийнгүй шалгуулах ёстой. Үнэн бол хагас дутуу байж болохгүй. Бүрэн бүтэн байх ёстой. Тийм учраас Монгол төрийн тэргүүн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, нэр төрөө сэргээлгэе гэж байна. Энэ жишгийн дагуу бүгдээрээ шалгуулах ёстой. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын ард нуугдах, бултах эрх хэнд ч байхгүй.
Одоо бол үнэнийг хэлэх ёстой цаг ирлээ. Гашуунсухайтын төмөр зам, улс төрд үүссэн нөхцөл байдал бол ҮАБЗ-ийн тэргүүнээр ажиллаж байсан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлэлтэй. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ? Х.Баттулга 2019 онд ҮАБЗ-ийг тэргүүлж байхдаа Гашуунсухайтын төмөр замыг нууцад авсан. Оффтэйк гэрээгээр энэ ажлыг явуулна гэж урьдчилгаа төлбөр авах шийдвэр гаргуулсан. 280 сая доллароор шороо овоолсон. Энэ асуудлаас болоод өмнөөс нь гадаад, дотоодын иргэд ял шийтгэл авч, зарим зөвлөх, туслах нь гадагшаа хил давж зугтаасан.
Би 2 жилийн өмнө Х.Баттулга Төгрөг нуурын ордыг бусдаас үнэгүйдүүлэн авсан, 250 сая ам.доллар гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлээс босгож, зарсан гэдгийг ярьж, 507 хуудас материалыг олон улсын хөрөнгийн бирж, санхүүгийн байгууллагуудаас авч, хууль хяналтын байгууллагад гардуулж өгсөн. Ингээд энэ хэрэг замхарсан. Асуудлыг хаахгүй, мухарлахгүй явсаар өнөөдрийн байдалд хүрээд байна.
Энэ бол 1 хүний асуудал биш. Тухайн үед хэн ҮАБЗ-д, хэн ЗГ-т ажиллаж байсан юм.
Өнөөдөр ЗГ хурлаар “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-д Гашуунсухайт төмөр замын гэрээ, оффтэйк гэрээтэй холбоотой асуудлаар бүх процесст нь олон улсын, хөндлөнгийн аудит хийлгэх үүрэг өгсөн.
Мөн сөрөг хүчний шаардлага надад ирсэн. Үүнийг би хүндэтгэн хүлээж авч байна. УИХ-ын сонсгол санаачлаад явж байгаа гишүүдийг би манай, танай гэхгүйгээр бүгдийг нь дэмжинэ. Шаардлагатай мэдээ, мэдээллээр хангуулна.
Хүний өөрийнгүй шалгуулна. Авлигатай тэмцэнэ гэдэг бол хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байхын нэр. Танилын нүүр халуун ч та бидний ирээдүй, илүү хайран байна. Энэ зарчмаасаа огт ухраагүй. Гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй.
Би хууль хяналтын байгууллагад хугацаатай үүрэг өгнө, энэ хурлын дараа. Энэ асуудлыг нэг талд нь гарга. Хүн битгий хэлмэгдүүл. Үнэн мөнийг тогтоо. Сонсголоо хий. Дүгнэлтээ хууль хяналтын байгууллагад хүргүүл. Энэ үүргээ биелүүлээгүй бол шат шатанд нь хариуцлага тоооод явна.
Хариуцлага нэхсэн ард түмний шаардлагыг төрийн өндөр албан тушаалтнууд хүлээж авах ёстой. Үүнийг үл хүндэтгэсэн албан тушаалтыг хашиж буй албан тушаал, намын харьяалал үл харгалзан, Монголын хууль дуудах болно шүү гэдгийг холбогдох этгээдүүдэд хэлье.
Засгийн газар “Чөлөөлье” санаачилга дэвшүүлсэн. Авлигын эсрэг чөлөөлөлтийг олон нийтийн дэмжлэгтэйгээр хийдэг.
Ирэх 7 хоногийн ЗГ-ын хуралдаанаар Хөрөнгө хураах хуулийн төслийг албажуулж, УИХ-д өргөн мэдүүлнэ.
