Б.Цэнгэл: 10 жилд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн дундаж 41 хувь


Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал (2006-2026) сэдэвт ерөнхий хяналтын сонголд бэлтгэж, өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо “Төрийн худалдан авах ажиллагаа (2006-2026 он)” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2006-2026 оны төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд хийсэн дүгнэлт, цаашид авах арга хэмжээний талаарх саналаа танилцууллаа.

2016 онд ТӨБЗГ-ыг худалдан авах ажиллагаа хариуцсан нэгжтэй байгуулжээ. 2019 онд Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулснаар худалдан авах ажиллагаатай холбоотой чиг үүргээ тус агентлагт шилжүүлсэн байна.

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийн энэ хэлэлцүүлэгт танилцуулж буй мэдээлэл нь 2017 оноос хойших цахим сангийнх аж. Үүнээс өмнөх баримтуудыг цахим санд оруулаагүй байгаа гэнэ. 2017-2026 онд манай улс нийт 49.236 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлжээ. Үүнд нийт 73.8 ихнаяд төгрөг төсөвлөж, тухайн жилдээ 41.1 ихнаяд төгрөгөөр санхүүжүүлжээ. Гэсэн ч гэрээ байгуулсан дүн нь 30.5 ихнаяд төгрөг аж. Энэ 10 жилд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн дундаж 41.38 хувь гэнэ.

“Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголросцветмет” ХХК, Дулааны IV цахилгаан станц, бусад станц хамгийн өндөр дүнгээр бараа худалдан авдаг юм байна. ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл “Төрийн өмчит 83 компани 2026 онд нийтдээ 11.3 ихнаяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 5734 арга хэмжээ хэрэгжүүлсэн. Үүний тухайн жилд санхүүжих дүн нь 6.5 ихнаяд төгрөг. Төсвийн ерөнхийлөн захирагч нар тухайн компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч этгээдээр худалдан авалтын төлөвлөгөөгөө батлуулдаг. ТӨБЗГ улсын үйлдвэрийн газар гэсэн статустай, 20 гаруй байгууллагын батлагдсан төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулж, зохих хяналт, шалгалт хийдэг. Баталсан төлөвлөгөөнд тусгаагүй арга хэмжээг санхүүжүүлсэн, эсхүл худалдан авсан зөрчил зонхилж байгаа. Тухай бүр нь холбогдох арга хэмжээ авч байгаагийн үр дүнд жил ирэх тутам зөрчлийн тоо, мөнгөн дүн буурч байгаа” гэж танилцуулав.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *