Авлига, албан тушаалын 8860 хэрэг шалгасны 988-ыг нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгожээ


Нийтийн өргөдлийн www.d-urgudul.parliament.mn системээр иргэн Батболдын Болдбаатар “Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж, 100 сая төгрөгөөс дээш бол бүх насаар нь хорих тухай” өргөдөл гаргасан юм. Үүнийг 100.200 иргэн дэмжиж, гарын үсэг зуржээ. УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2026.11.18) хамтран хуралдаж, уг өргөдлийг хэлэлцлээ. Нийтийн өргөдлийн цахим системд энэ өргөдлийг гарганаас хойш яг ижил агуулгатай 13 өргөдөл ирсэн байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын Нийтийн эрх зүйн хэлтсийн ахлах шинжээч Ж.Амгалан “Авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгээр шийдвэрлэж байгаа. Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Албан тушаалын хэрэгт оногдуулж буй ялыг учруулсан хохирлын хэмжээнээс хамаарч, ялгамжтай оногдуулах, хахуулийн хэмжээ, үндэслэлгүй хөрөнгөжсөн дүнг мөн харгалзах, хорих ялын хугацааг 20 жил хүртэл нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгаж байна. 2017-2024 онд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой 8860 хэрэг шалгагдсан. Үүнээс 988 хэргийг мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгосон. 1578 хэрэг прокурорт шилжсэнээс 1005 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хүргүүлжээ. Шүүхээс эдгээрийн 739 хэргийг хянан шийдвэрлэсэн байна” гэж танилцуулав.

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар ” УИХ ялын бодлогыг чангатгаж, авлигын хэрэгт торгох ял оногдуулах зохицуулалтыг халж, зөвхөн хорих ялаар шийтгэдэг болгосон. Хорих ялын хугацааг 12-20 жил болгож уртасгасан. Ялыг чангаруулсан ч хууль бус хөрөнгөжсөн этгээдийн хөрөнгийг хураах эрх зүйн орчин, хэрэгжилт хангалтгүй байгаа гэх иргэдийн шүүмжлэлтэй санал нэг байгаа. Засгийн газар өмнө нь өргөн мэдүүлсэн Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг Үндсэн хууль, бусад хууль тогтоомж болон олон улсын гэрээ, конвенцтой уялдуулах шаардлагын улмаас татан авч, дахин боловсруулж байга. Удахгүй өргөн барина” гэлээ.

Засгийн газраас хуулийн төсөл өргөн мэдүүлснээр иргэн Б.Болдбаатарын гаргасан нийтийн өргөдөлд тусгагдсан асуудлыг УИХ-ын холбогдох байнгын хороодоор үргэлжүүлэн хэлэлцэхээр боллоо.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *