УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр (2026.11.18) Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Хууль санаачлагч танилцуулахдаа, Монгол Улсад чөлөөт бүс байгуулах бодлого 1995 оноос эхэлж, УИХ-ын 87 дугаар тогтоолоор “Монгол Улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал”-ыг, 2002 онд Чөлөөт бүсийн тухай хуулийг баталжээ. Энэ хүрээнд УИХ-ын 2002 оны 38 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд “Алтанбулаг” чөлөөт бүсийг, 2004 оны 17 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд суманд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийг, 2005 оны 74 дүгээр тогтоолоор Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд “Цагааннуур” худалдааны чөлөөт бүс байгуулсан байна.
Улс орны хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Чөлөөт бүсийн тухай хуулийг 2015 онд шинэчлэн найруулж баталсан байдаг. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, худалдааг хөнгөвчлөх, чөлөөт бүс нээх, хаах, гадаадаас ажиллах хүч авах, согтууруулах ундаа болон тамхи худалдах зөвшөөрөл зэргийг зохицуулжээ. Улсын Их Хурлын 2022 оны 10 дугаар тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн. Сүүлийн 20 жилийн хугацаанд дөрвөн чөлөөт бүс байгуулах шийдвэр гарсан боловч өнөөгийн эдийн засгийн нөхцөл, хөрөнгө оруулалт, олон улсын худалдаа, тээвэр, ложистикийн хөгжилд нийцүүлэн уялдуулж боловсронгуй болгох шаардлага үүссэн тул уг хуулийг цогцоор нь шинэчлэхийг зорьж, төслийг боловсруулсан хэмээв.
Монгол Улс нь ОХУ, БНХАУ-тай хил залгаа, хоёр том зах зээлийн дунд оршдог, Ази-Европыг холбох боломжтой газар зүйн стратегийн байршилтай улс учраас эдийн засгийн тусгай бүс байгуулах, хөгжүүлэхэд эдийн засаг, худалдаа, тээвэр ложистик, хөрөнгө оруулалтын хувьд онцлог давуу талтай гэж дүгнэжээ. Хуулийн төслийн үр дүнд хөрөнгө оруулалт, экспортын үйлдвэрлэл, инновац, технологи, тээвэр, логистик болон бусад эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих эрх зүйн үндсийг бүрдүүлэхийг зорьсон гэлээ. Эдийн засгийн тусгай бүсийг үйл ажиллагааны чиглэлээр төрөлжүүлнэ. Чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний хилийн цэс, байршлыг тогтоох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр зохицуулахаар, тусгай бүсийн удирдлагын тогтолцоог шинэчилж, удирдлагыг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан, бие даасан, мэргэжлийн удирдлагатай байхаар зохицуулсан. Тусгай бүсийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож, орчин үеийн шаардлагад нийцүүлнэ.
Энэхүү төслийн ач холбогдол нь чөлөөт бүсийн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд буюу эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих эрх зүйн тогтолцоонд шилжүүлэхэд оршиж байгаа бөгөөд Монгол Улсын газар зүйн байршлын давуу талыг эдийн засгийн бодит боломж болгож, хөрөнгө оруулалт, экспортын үйлдвэрлэл, худалдаа, тээвэр, логистикийг хөгжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүйн шинэчлэл болно гэж хууль санаачлагч илтгэв.
Энэ төслийг хэлэлцэхээр тус хороо шийдвэрлэлээ.
