Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга С.Бямбацогтод 2026.11.17-нд албан бичгээр ирүүлсэн байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо уг хүсэлтийг өчигдөр хүлээн авч, ёсоор болгосон. Өнөөдөр уг хүсэлтийг чуулган нэгдсэн хуралдаанаараа шийднэ.
Үндсэн хуулийн 37.2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно” гэж заажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга бүрэн хэрэгжүүлнэ” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх асуудлыг Улсын Их Хурал чуулганы хуралдаанаараа тухай бүр хэлэлцэж шийдвэр гаргана” гэж заасан байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг ажлын 5 өдрийн дотор хэлэлцэн ил санал хураалт явуулж, чөлөөлөгдөх хүсэлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хууль баталсанд тооцно” гэж заажээ.
Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.
