Америкийн дуучин, жүжигчин Тейана Тейлор урлагийн салбар дахь амжилтаа шинэ мэргэжлээр баяжуулж, хоолны урлагийн сургууль онц дүнтэй төгсжээ. Тэрбээр арваннэгдүгээр сарын 15-нд Auguste Escoffier School of Culinary Arts сургуулийн төгсөлтийн ёслолд оролцож, тогоочийн хувцас өмсөн баяраа тэмдэглэсэн байна.
Тейана Тейлор энэ тухайгаа олон нийтийн сүлжээнд хуваалцаж, “Ээж, уран бүтээлч, жүжигчин, найруулагч, дизайнер, бүжиг дэглээч байж үзсэн. Харин одоо тогооч боллоо” хэмээн бичжээ.
Тэрбээр кино зураг авалт, улаан хивсний арга хэмжээ, шагнал гардуулах ёслол, гэр бүлийн амьдралынхаа хажуугаар бүтэн жилийн турш суралцсан байна. Заримдаа аяллын үеэр ч хичээлийн даалгавраа хийж, завгүй хуваариа зохицуулан сургалтаа дуусгажээ.
Жүжигчин бүсгүй хоол хийх нь өөрт нь амралт, тайвшрал өгдөг бөгөөд дэлхий ертөнцийн шуугианаас түр холдож, зөвхөн өөртөө цаг гаргах боломж болдог гэж ярьсан байна. Түүний хувьд энэ сургалт зөвхөн хоол хийх арга барил эзэмшихээс гадна тэвчээр, сахилга бат, даруу зан, багаар ажиллах чадварт суралцсан онцгой аялал болжээ.
Тейана Тейлор төгсөлтийн үеэрээ өөрийн мөрөөдлөө хойш тавьж яваа хүмүүст хандан “Хүн заавал ганцхан зүйлээр өөрийгөө хязгаарлах албагүй. Шинэ зүйл сурч, шинэ хүсэл тэмүүллээ нээхэд хэзээ ч оройтдоггүй” хэмээн урам өгсөн байна.
Тэрбээр энэ оны эхээр “One Battle After Another” киноны дүрээрээ Алтан бөмбөрцөг шагнал хүртсэн бөгөөд цаашид найруулагчийн ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
