Нураах ёстой цэцэрлэгт 243 сая төгрөгөөр их засвар хийжээ


Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар цэцэрлэгийн барилгыг техникийн хяналтын улсын байцаагч шалгаад “Дээвэр нь суулт өгсөн. Ашиглалтын шаардлага хангахгүй” гэж дүгнэжээ. 1976 онд барьсан уг цэцэрлэгийн хана нь тоосго, дээвэр нь мод, төмөр. 40 гаруй жил болж буй энэ цэцэрлэгийн дээврээс дусаал гоождог, шувуун нурууны моднууд доош сууж, төмөр нь цоорсон байжээ. Тиймээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр уг барилгыг цаашид ашиглах боломжгүй гэсэн 08-07-033/07/13 дугаартай дүгнэлт гаргасан байна. 

Ашиглах боломжгүй гэдэг бол уг барилгыг нурааж, шинийг барих шаардлагатай гэсэн үг. Мэргэжлийн хяналтын байцаагч ашиглах боломжгүй гэж дүгнэсэн байтал Боловсрол, шинжлэх ухааны яам уг барилгад их засвар хийхээр тендер зарласан байх юм. Нэгэнт тендер зарласан учир түүнд аж ахуйн нэгжүүд оролцоод, нэг нь шалгарч, тэр ажлыг хийж таарна. Тэр ч ёсоор 2021 оны 6 дугаар сарын 7-нд зарласан тендерт Улаанбаатар хотын “Трайзен” ХХК шалгарч, улсын төсвийн 243 сая 748 мянга 500 төгрөгөөр их засвар хийж, тус аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүлээлгэн өгчээ. Барилга, байгууламж ашиглалтад оруулах улсын комисс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ГАА-КД-26/2021 дугаар дүгнэлт гарган, уг засварыг хүлээн авч, баталгаажуулсан байна. 

Нэгэнт шаардлага хангахгүй барилгыг засах нь мөнгө дэмий үрсэн явдал байлтай. Их засвар хийх тендер зарлуулахаар БШУЯ-нд Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар захиалга өгчээ. Есөнбулаг суманд ашиглалтын шаардлага хангахаа байсан цэцэрлэг нэлээд бий. Үүнийг жагсаахад хамгийн түрүүнд 6, дараа нь 2, түүний дараас 3 дугаар цэцэрлэг оржээ. Хамгийн түрүүнд 6 дугаар цэцэрлэгийг буулгаж, 320 хүүхдийн шинэ цэцэрлэг барьж ашиглалтад орууллаа. Одоо 2 дугаар цэцэрлэг ээлжээ хүлээж байна. Энэ цэцэрлэгийг бас л засаж, шинийг барьтал аргацааж байгаа юм.  Дараа нь 3 дугаар цэцэрлэг шинэ байртай болно. Гэхдээ тэр нь хэзээ юм бүү мэд. Учир нь Сангийн сайд Б.Жавхлан “2025 онд улсын төсвийн хөрөнгөөр шинэ сургууль, цэцэрлэг, соёлын төв барихгүй. Өмнө нь эхэлсэн төслүүдийг хурдан дуусгах зарчим баримтална” гээд мэдэгдчихлээ.

Энэ талаар 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.Нэргүйгээс тодрууллаа.

-Танай цэцэрлэг одоо хэдэн хүүхэдтэй вэ?

-186 хүүхэдтэй.

-Танай цэцэрлэг хамран сургах тойргийнхоо бүх хүүхдийг хамруулж байгаа юу?

-Манай цэцэрлэгийн хамран сургах тойрогт 260 хүүхэд байдаг.

Танай цэцэрлэгийн барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гэж мэргэжлийн хяналтын улсын байцаагч дүгнэсэн юм байна. Гэтэл яагаад нурааж, шинийг барихын оронд их засвар хийсэн юм бол?

-Барилгаа шинэчлүүлэхээр манайх ээлжээ хүлээж байгаа. 2 дугаар цэцэрлэгийн шинэ барилгын төсвийг 2025 оны төсөвт суулгах байх. Түүнийг барьсны дараа манайхыг шинэ барилгатай болгох юм. Тэр болтол засвар хийлгэе гэж би өөрөө хөөцөлдөөд, их засвар хийлгэсэн. Дээврээс 3 газраар дусаал гоожиж байсан учир засвар хийхээс өөр аргагүй байлаа. Хувцас солих өрөө, бие засах газар, нэг ангийн таазнаас дусаал гоождог байсан юм.

-Одоо дусаал гоожихгүй байгаа юу?

-Гоожихгүй байгаа. 2012 онд болсон хүчтэй шуурганаар манай цэцэрлэгийн төмөр дээврийн тал нь хуурсан. Тэгээд зассан ч дусаал гоождог болсон. Тэр нь нөлөөлсөн байх, дээврийн мод мөөгөнцөртөж, дам нуруу суулт өгсөн гэж мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэсэн.

-Танай цэцэрлэг хэр дулаахан бэ. Их засвар хийснээр дулаан алдах нь багассан уу?

-Дулааны алдагдалд их засвар нөлөөлөөгүй. 2012 онд бүх модон цонхыг вакуум цонхоор сольсон. Гэсэн ч цонх, дээврээс дулаан алддаг. “Мандал-Алтай” компани 56-58 градусын халуун ус шахахад, 40 градус болоод, буцаж очдог гэдэг. Гадаа 20 градусын дулаан байхад ангид 11-18 градусын дулаан байдаг. Цонх нь хаашаа харснаас хамаараад, өглөө, өдөр, оройд анги бүрийн тасалгааны температур өөр өөр болдог. Гадаа хүйтрээд ирэхээр, ангид халаалт байгаа хэрнээ 9 градус болдог. Ер нь манай энэ хавийн барилгууд ижилхэн хүйтэн.

Их засварыг хэр чанартай хийсэн гэж Та үзэж байна вэ?

-Чанартай хийсэн гэж хэлэхгүй. Би хажууд нь зогсож байгаад, засвараа хийлгэсэн. “Хүүхдүүд өдөржин байдаг юм. Сэтгэл гаргаад, чанартай засаад өгөөрэй” гэж байнга гуйсан. Ковид гарсан, цар тахал дэгдсэн үед засвар хийж таарсан л даа. “Барилгын материалын олдоц муу, үнэ өндөр байна. Төсвөөс авсан мөнгө хүрэхгүй байна” гэж “Трайзен” компанийнхан тайлбарлаж байсан.

-“2025 оны улсын төсөвт цэцэрлэг, сургууль, соёлын төв барих зардал тусгахгүй” гэж Засгийн газар, Сангийн яам мэдэгдсэн. Танай цэцэрлэг мөд шинэ барилгатай болохгүй юм биш үү?

-Ашиглалтын шаардлага хангахгүй гэдэг дүгнэлт гарчихсан учир аль болох эртхэн шинэ барилгатай болох хэрэгтэй гээд хөөцөлдөөд л байгаа. Геологийн дүгнэлт байхгүй байна гэхээр нь сая дүгнэлт гаргууллаа.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *