Монголын Сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирал эхэлж, зарим багууд хоёр тоглолтын ард гараад байна. Гурав хоногийн өмнө “Налайх Бизон” баг “SG Apes”-тай тоглож 95:84 онооны харьцаагаар хожигдсон. Энэ тоглолтод Т.Санчир оролцолгүй, үзэгчдийн суудалд байсан нь сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг татсан.
Тэрээр өнгөрсөн улирлын эхэнд “Эрдэнэт Майнерс” багт байсан бол улирлын дундаас “Налайх Бизон” багтай хүч нэгтгэсэн. Гэвч шинэ улирал эхэлснээс хойш Т.Санчир хоёр тоглолт өнжөөд байна. Өчигдөр “Налайх Бизон” “Эрдэнэт Майнерс”-ыг 77:69 харьцаагаар хожсон. Тэгвэл дараагийн тоглолтод Т.Санчир тоглох эсэх нь эргэлзээтэй байна. Түүнийг бэртэлтэй байгаа учраас хэдэн тоглолтуудыг өнжиж байгаа гэсэн албан бус мэдээлэл байгаа юм.