“Миний машиныг ачсан бол хаашаа авч явсан талаар мэдээлээгүй нь маш их хүндрэл учруулсан. Машинаа “Хангай” хотхоны хойно байрлах журмын хашаанд ирснийг мэдмэгц нэгдүгээр эмнэлгээс энэ хүртэл хүүхдээ дагуулаад алхсан. Такси олдохгүй хүүхэд их даарлаа. Эд нар тэмдэггүй газраас аччихсан байна” хэмээн бухимдан ярих эмэгтэй Б.Одсүрэн гэдэг. Тэр хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр орсон хойгуур ньавтомашиныг нь хэл сураггүй ачсан нь энэ.
Тэр “Хангай” хотхоны ойролцоо байрлах “Транс гоулд” компаний журмын хашаанаас автомашинаа авахаар иржээ. Түүний тухайд тэмдэг тэмдэглээгүй газар тавьсан гэх ч журмын хашааны оператор түүнд түр зогсохыг хориотой хэсэгт тавьсан байна хэмээн тайлбарлаж автомашинаа байршуулсан зургийг харуулахад буруу харуулсан тэмдэг байршуулжээ.Тиймээс маргаангүй 60 мянган төгрөгөө төлөөд автомашинаа авах юм. Ийн тэр уурлаж хашааны хаалгыг “нярх” хийтэл ганхуулж хаалгаа нээ машинаа авъя хэмээн хашхирч уурлана. Ингээд төд удалгүй нэгэн ачигч залуу ирж хашааны хаалга онгойлгохдоо “Хаалгаа аяар, Та зүгээр ярьж болохгүй юу” хэмээн шаардлага тавилаа. Эмэгтэй “Та нар хүний машинд дураараа хүрч байхад би танай хаалгыг савчуулахад яадаг юм гэж хашхирсаар автомашинаа хөдөлгөж гарч одов.
Түүний араас мөн л тэмдэг тэмдэглээгүй газраас ачуулсан гэх эрэгтэй уурлаж ирлээ. Түүнийг зорчих хэсэгт автомашинаа байршуулсан хэмээн үзжээ. Тийм учраас ачсан аж. Бид автомашинаа ачуулсан иргэнтэй уулзахад “Эмнэлэг орохдоо аччих вий гэж тооцоолж нэг машин байршуулж болохоор хэсэгт тавьчихсан байсан. Гэтэл 10 минут ч болоогүй гараад иртэл аччихсан байсан. Хашаа авч явсан нь тодорхойгүй. Замын цагдаа руу залгаж энд ирснийг мэдлээ. Ачигч нар нь алсаас хэний машиныг ачих уу гэдгээ хараад зогсож байдаг байх. Миний хувьд зогсоолд тавьсан гэж мараад ч дийлсэнгүй мөнгөө төлж авлаа. Тэдний авч байгаа 60 мянган төгрөгөөс улсад тодорхой хувийг нь авч авто зогсоолоо барих хэрэгтэй. Зүгээр хэдэн компанийг тэжээх хэрэггүй” гэлээ. Энэ мэтчилэн журмын хашаанд ирж автомашинаа авах гэсэн иргэдийн дийлэнх нь бухимдаж ирнэ. Тэд ирээд ачигч нарт, операторт уурлана. Үнэндээ тэнд эрүүл харилцаа өрнөхгүй. Зарим нь төлбөрөө төлчхөөд автомашинаа аваад гарахдаа ачигч нарыг хэл амаар доромжилно, ачигч машин, хашааны хаалга зэргийг нь өшиглөнө. Үнэндээ өдөр бүр ийм дайралтад ажиллана гэдэг хэн хүний хийгээд тэсээд байх ажил биш биз. Гэвч тэд байсаар л байна. Яагаад гэвэл “Машин ачилт ашигтай” гэдгийг нэгэн ачигч ярилаа. Тэр хэлэхдээ” Өдөрт зөвхөн дүрэм зөрчсөн 30-40 автомашиныг журамладаг. Өдөртөө 10-аас дээш автомашин ачвал сайн цалин авна. Түүнээс бага бол гүйцэтгэлгүй болчихдог юм. Нэг ачигч өдөрт 10 машин бол ачихыг л боддог. Өглөө, оройдоо ачаалал их. Энэ хашаанд чинь бужигнана” гэлээ. Түүний хэлснээс үзвэл нэг ачилтын компани өдөрт хоёр орчим сая төгрөгийн орлоготой ажилладаг байгаа юм.
Журмын хашаанд автомашинаа авахаар ирж байгаа хүмүүсийн дийлэнх ньмэдээлэлгүй ачсан гэх. Өөрөөр хэлбэл автомашинаа ачуулсныг цагдаагийн 102 дугаарт залгаж мэддэг байна. Энэ нь гал дээр тос нэмж буй үйлдэл. Тухайн жолооч яарч сандарсан үед автомашинаа ачуулсан бол хамгийн түрүүнд хаашаа авч явсныг мэдэх нь зүй ёсны хэрэг. Ачилтын компаниуд ч мэдээлэх үүрэгтэй. Гэвч мэдээлдэггүй нь чирэгдэл учруулж буй. Тэд автомашиныг ачихдаа “Бид журмын дагуу ажлаа хийж байна” гэж ярьдаг ч бодит байдал дээр журамгүй, жудаггүй хандлага түгээмэл ажиглагдана. Ачигч автомашинуудын холбооноос ачигч нар сардаа 800 мянган төгрөгийн үндсэн цалин авдаг гэдэг ч ачигч нар хэдэн машин ачсанаараа цалинждаг гэж байгаа юм. Сурвалжлах явцдаа жолооч нарын ухамсар дээшилж нэгдүгээр эгнээнд машинаа тавихгүй болсныг дууллаа. Гэхдээ л ямар ч зогсоолгүй үед жолооч яах ёстой вэ? гэдэг асуултад хариу олж чадсангүй. Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхний мэдээлж буйгаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж өөрсдөө зогсоол хийх ёстой гэнэ. Тэдний ухамсарлаж, ажлаа хийхгүй бол нийслэл зогсоолгүй хэвээр л байх бололтой юм. Тиймээс аль болох аюулгүй газар л машинаа орхих л арга зам жолооч, иргэдэд байна.
Нэг компани өдөрт 30-40 автомашиныг журамладаг байна
Дүрэм зөрчсөн бол хариуцлага хүлээнэ. Гэхдээ хамгийн их үйлчлүүлдэг эмнэлэг, орон сууцны хорооллоос ачдаг нь дүрэм журам сахиулах биш ашиг хонжоо хайсны илрэл хэмээн харагдаж буй. Мэдээж тэнд зогсоол хомс учир дүрэм зөрчих жолооч мундахгүй олон. Үнэндээ одоогоос таван жилийн өмнө жолоочид мэдэгдэхгүйгээр автомашин ачдаг журмыг өөрчилнө хэмээн ярьсан ч бодит байдал хэвээр байна. Хууль зүйн сайдын А 101 тоот тушаалын хавсралтаар автомашин тээвэрлэх, ачих журамлах харилцааг зохицуулдаг .Одоо ч энэ хэвээр. Анх 2013 онд орц гарцыг хаасан,зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг журмын хашаа руу тээвэрлэдэг байсан.Тухайн үед Замын хөдөлгөөний удирдлагын төв 12 тээврийн хэрэгсэлтэйгээр автомашин ачиж, журамлах үйлчилгээг үзүүлж байсан бол 2014 оноос эхлэн хувийн хэвшлүүд үзүүлэх боломжийг тухайн үеийн хотын удирдлагууд нээж өгчээ. Үүнээс хойш автомашин ачилт нь төр ивээгдсэн бизнес болоод байна.
Түр буюу удаан зогсох хориотой тэмдгийг хүмүүсийн хамгийн их үйлчилгээ авдаг газарт ойр ойрхон байршуулдаг. Тухайлбал, нэгдүгээр эмнэлгийн ойр орчимд 500 метр ч хүрэхгүй газарт хоёр ч зогсохыг хориглоно гэх тэмдэг байх аж. Энэ нь чухам ямар судалгаатай үндэслэлтэй вэ гэдэг нь одоо ч тодорхойгүй. Автомашин ачих журмыг шинэчлэхээр өнгөрөгч 6 дугаар сард ярьсан ч Хууль зүй, дотоод хэргийн яам дээр очоод батлагдаагүй гэх.
Энэ журамд орсон чухал хэд хэдэн заалтууд байжээ.Тухайлбал, тухайн тээврийн хэрэгслийг ачихдаа эхлээд жолоочид утсаар мэдэгдэнэ.
Хэрэв утсаар мэдэгдэх үед автомашинаа аваагүй бол ачна, мөн автомашин ачсаны төлбөр болох 60 мянган төгрөгийн 10 хувийг улсад авах зохицуулалт байж. Гэвч НИТХ журамд санал оруулсан ч Хууль зүй, дотоод хэргийн яам журмыг батлах шаардлагагүй гэж үзжээ.
Сүүлийн 30 гаруй жил шинээр баригдсан барилга байгууламж олон байгаа ч ногоон байгууламж автомашины зогсоолыг түүнд нийцүүлэн төлөвлөөгүйн горыг бид өнөөдөр амсаж буй. 500 мянган хүн амьдрахаар төлөвлөсөн Улаанбаатар 1 сая 800 гаран хүн амтай. 600 мянган тээврийн хэрэгсэл өдөр бүр замын хөдөлгөөнд оролцож, 1000 гаруй нийтийн тээвэр иргэдэд үйлчилдэг. Нийтийн тээврийн үйлчилгээ удаан, хүрэлцээ муу учир хүмүүс хувийн тээврийн хэрэгслээр зорчих нь түлхүү байдаг. Үүний хэрээр автомашин ачилтын үйлчилгээ эрэлттэй байсаар өнөөдөртэй золголоо.
Тэгвэл автомашин ачилттай холбоотой ямар хэмжээний мөнгөн дүн эргэлддэг болохыг гол зохицуулалтыг хийж байгаа Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс дараах тайлбар авахыг зорьсон ч мэдээлэл өгсөнгүй. Харин ч цаашид автомашин ачлагын төлбөрийг нэмэх байх гэх бүдэг бадаг мэдээлэл өгсөн нь тэр.
Автомашин ачилтын компаниуд ашиггүй ажиллаж байна гэв
Ачихаасаа өмнө эзэнд нь утсаар залгаж мэдэгддэг журам хэзээ батлагдах бол Тэгвэл олон жил яригдаж шинэчлэгдэхээр болсон журмын талаар “Ачигч автомашинуудын холбоо”-ны тэргүүн Ж.Даваанямаас тодруулахад, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тэр журмыг хуульд нийцээгүй, аж ахуй нэгжийн боломжийг хааж байгаа хэмээн үзэж батлахаас татгалзсан.
Бид уг нь хотод ачлагын 60 мянган төгрөгөөс тодорхой хувийг нь өгөхөд татгалзах зүйлгүй гэдгийг олон жилийн өмнө хэлж байсан юм. Харин одоо хотод хувь өгөхөөр бид ашиггүй болох гээд байна. Учир нь гурван жилийн өмнө дизель түлшний үнэ хямд байсан бол нэмэгдэж ачигч компаниуд уналтад орж, дампуурах хэмжээнд хүрчхээд байгаа.
Тиймээс ачилтын мөнгийг нэмүүлж ч магадгүй байдал үүссэн. Бид энэ оны сүүлчээр ачигч компаниудын санхүүгийн тайланг гаргаж холбогдох байгууллагуудад танилцуулна. Үүн дээр үндэслэн ачлагын 60 мянган төгрөгийн нэмүүлэх эсэхээ хэлэлцэнэ.
Ачлагын 15 компани бий тэд сардаа түрээсийн хашаанд 4-6 сая төгрөг төлдөг. Тэгээд түлш ажилчдын цалин гээд амаргүй ачааг үүрдэг. Гэвч ашиггүй байна гээд өнөө маргаашгүй үйл ажиллагаагаа зогсоож болох ч Нийслэлтэй гэрээтэй ажилладаг учраас боломжгүй болчхоод байна. Энэ ажил орлогын хойноос явдаггүй” гэлээ. 2023 онд ачилтын 15 компани нь Нийслэлийн замын хөгжлийн газар болон НИТХ-д ачигч автомашины түлш, ажилчдын цалин, цалингийн задаргааг төдийлөн танилцуулаагүй байдаг байна. Тайландаа түрээсийн хашаанд их хэмжээний мөнгө төлдгийг дурджээ.
Тухайлбал, Автомашин ачдаг компаниудыг 13 нь түрээсийн, хоёр нь өөрийн эзэмшлийн хашаатай байх аж. Эдгээр компаниуд өнөөдрийг хүртэл түрээсийн хашааны төлбөр тооцооноос өөрийг тайлагнахгүй байна. Одоог хүртэл автомашин ачилтын компаниудын тооцоог нарийн шалгасан газар одоог хүртэл алга. Нийслэлд Бат зэв ХХК, Авто хүч, Их тээвэр, Автогоулд транс, Бодь транс гэх мэтчилэн 14 компани бий.
Эдгээр компаниуд тусгай зөвшөөрөл авдаггүй. Тусгай зөвшөөрөл шаарддаггүй хэр нь хэн дуртай нь орж чаддаггүй энэ бизнесийг мөн л гэрээ төдий, журмаар зохицуулдаг. Тэгвэл автомашин ачилтын үйлчилгээний журмыг эргэн харж шинэчлэх байсан ч талаар болжээ. Чухам хэзээ хэн, хэнийхээ эрхийг дээдэлсэн. Үр өгөөжтэй журам батлагдах вэ? гэх хүлээлт үүслээ. Тэр болтол автомашин ачилтын 15 компани машин ачилтын 60 мянган төгрөгөөр тэжээгдсээр байх болно.