Аж үйлдвэржилтийн байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр аж үйлдвэржилтийн байнгын хорооны дарга С.Ганбаатар нефтийн үйлдвэр болон Дорноговь аймгийн Хатанбулаг суманд гарсан ямааны годрон өвчний талаарх авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх салбарын сайд нараас ам асуулаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, “Энэтхэг улсын 1.2 тэрбум ам.долларын зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох төсөл 2019 оноос эхэлсэн. Бид дөрвөн багцад хувааж ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний багц дуусах шатандаа орсон. Харин хоёр, гуравдугаар багц хэрэгжээд явж байгаа бол дөрөвдүгээр багц дээр нийт санхүүжилт хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсэж, 431 сая ам.доллароор нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Цар тахлын дараагаар бүтээн байгуулалтын өртөг хэд дахин өссөн учраас ийм асуудал үүсэж байна. Энэтхэгийн Экзим банкнаас 431 сая ам.долларыг нэмж авах гэрээг байгуулснаар энэ төсөл зогсолтгүй явах нөхцөл бүрдэнэ. Хэрэв төсөв шийдэгдвэл 2027 оны наймдугаар сард ашиглалтад оруулна. Бид нэмэлт санхүүжилтийн гэрээг яаравчлан байгуулах шаардлагатай байгаа. Бид маш их яаравчилж, ойрын хугацаанд нэмэлт санхүүжилтээ шийдэж, УИХ-аар баталснаар хүчин төгөлдөр болж эхэлнэ. Үүнээс хойш цаг хугацаа тоологдож эхэлнэ. Энэ нь 1.6 тэрбум ам.долларын төсөл Монголын ард түмэн зээлийг төлөх учраас богино хугацаанд ашиглалтад оруулахыг зорьж ажиллана” гэлээ
Үүний дараа аж үйлдвэрийн байнгын хорооны дарга С.Ганбаатар
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяраас Дорноговь аймгийн Хатанбулаг суманд гарсан ямааны годрон өвчний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон малчдад хэрхэн нөхөн олговор олгох талаар тодрууллаа.
Ж.Энхбаяр: 35 айлын ямаанд “годрон” өвчний шинж тэмдэг илрээд байна
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, “Бид одоогоор байж болох судалгааг хийсэн. Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 35 айлын ямаанд “годрон” өвчний шинж тэмдэг илрээд байна. Бид устгалын ажлыг цаг алдалгүй зохион байгуулж малчдад нөхөн олговорын асуудлыг шийдэхээр ажиллаж байна”гэлээ.