Хүнс, хөдөө аж ахуйн салбарын төсөв нэмэгдэж, тус салбарт 5,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагджээ. Үүнээс худаг гаргахад 1,6 тэрбум, 21 аймгийн хөдөө аж ахуйн газарт шаардлагатай тоног төхөөрөмж, багаж авахад 1,6 тэрбум, аймгуудын Хөдөө аж ахуйн барилгын их засвар үйлчилгээнд 1,6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Салбарын төсөв энэ жил нэмэгдсэн. Гэхдээ шинээр нэмэгдэж буй хөрөнгө оруулалт байхгүй. 777.5 тэрбум төгрөгийн урсгал зардалд “Хүнсний хувьсгал”-д 196.1 тэрбум, “Цагаан алт” хөтөлбөрт 113.2 тэрбум, “Атрын IV аян”-д 98.7 тэрбум, “Шинэ хоршоо-чинээлэг малчин” хөдөлгөөнд 193.4 тэрбум төгрөгийг арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн татаасанд зарцуулна.

Өмнө нь энэ чиглэлийн зээл олгох шийдвэрийг салбарын яам, агентлаг гаргадаг байсан бол бодлогын томоохон өөрчлөлтийн дагуу цаашид арилжааны банкуудын шалгуураар төслүүдийг санхүүжүүлнэ. Энэ төрлийн зээлийн 10-12 хувийн хүүгийн дэмжлэгийг яамны урсгал зардлаас дамжуулан олгож байна” гэв.