УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Монгол Улсын 2025 оны төсвийн хамгийн их зардал 4.6 их наяд төгрөг халамжийн сайд дээр байна. Энэ улс орон ирээдүйд баялаг бүтээх үү, халамжаар амьдрах уу. Өр зээл тавьж, байгаа юмаа хувааж идээд л амьдрах нь. Ардчилсан нам бол цөөнхийн бүлэг. Тэгсэн мөртлөө сөрөг хүчин. Манай бүлэг энэ төсөвт шүүмжлэлтэй хандаж ирсэн. Бид шүүмжлэлтэй хандаж байна. Хамгийн олон яамтай төсөв. 300 гаруй мянган төрийн албан хаагчтай төсөв. Ардчилсан нам эсрэг байна. Улс төрийн намуудын амлалт дээр эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулна гэсэн. Гэтэл эрс ихэсгэж байна. Энэ жилээс Төсвийн тогтвортой байдлын зөвлөл орон тооны болсон. Дүгнэлт нь маш сайн, хараат бус байсан. Ардчилсан нам талархаж байна. Бид энэ зөвлөлийн санал, зөвлөмжийг цаашид УИХ дээр тусгайлан хэлэлцдэг байх санал гаргасан. Цахилгаан, эрчим хүч бол хөгжлийн хөдөлгүүр, зүтгүүр. Баталгаатай, найдвартай байх нь Монгол Улсын эдийн засаг, тусгаар тогтнолын гол хүчин зүйл байх болно. Ардчилсан намынхан шинэчлэлт өөрчлөлт хийх ёстой гэдэг дээр нэгдмэл байдаг. Харин өртөг нь зах зээлийн бодит үнэ эсэхийг ямар байдлаар тогтоосон нь эргэлзээтэй. Уг нь илүү их хэмжээний шударга өрсөлдөөн, засаглал, олон зүйл байх ёстой. Үнэ нэмэх төдий асуудал болгож байгаа нь харамсалтай.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-2024-2028 оны хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр гарсан. 38 төсөл хөтөлбөр санхүүжүүлнэ гэсэн. Ийм хөрөнгө оруулалтууд хийгдсэн. “Гуя дагаж хүзүү” гэж сайд нарын зардал замбараагүй ихэссэн. Нэг арга хэмжээг 300 гаруй сая төгрөгөөр хийж байна. Үүнийг багасгахгүй бол сонгуулийн бус ийм зардал гаргаж байгаа нь буруу үйлдэл. Иргэдийг баяр ёслолын байдалтай байлгаж, зардал их гаргаж байна. 1.5 их наядыг хэмнэх боломж байсан. Цөөнхийн үгийг тоохгүй байна. Би тэтгэврийг 7 бус 5 жил болгох төслийг өргөн барьж батлуулсан. Төр хариуцлагатай ажиллахыг л шаардсан. Шударгаар төлсөн даатгалыг хог болгож байна. Төсвийн үргүй зардлаас энэ бүхэн эхлэлтэй. Төр чанартай байвал мөнгөний ханш унахгүй. Энэ бол халамж биш. Иргэд өөрсдийнхөө төлөө тэмцэж байна. Би дэмжсэн. Хоёрдугаарт, намайг УИХ-д ураны лобби бүлэг байгуулсан гэсэн. Үүнийг МАН зохион байгуулж байгаа. Ард иргэд бүгдийг мэдэж байгаа. УИХ дээр Цөмийн энергийн тухай хууль хэлэлцэгдэж байна. Хэлэлцэхийг нь дэмжсэн. Энэ хуулиараа зөвхөн Францын “Орано” групптэй хамтарсан Дорноговь аймгийн ураны ордыг л шийдвэрлэнэ. Өөр ямар ч асуудлыг шийдэхгүй.
Д.Эрдэнэ