Монголчууд тавхан сарын өмнө төр түшилцэх түшээдээ сонгосон. Ингэхдээ анх удаа 126 гишүүнийг сонгож, парламентаа бүрдүүлсэн. Ийн олон гишүүнтэй болсноор хууль батлах үйл явц сайжирч, иргэдийг төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, нутгархах, жалга довны хандлага буурч, парламентын дархлаа нэмэгдэнэ хэмээсэн. Тэгвэл хагас жил хүрэхгүй энэ хугацаанд ямар өөрчлөлт гарав.
Олон гишүүнтэй байгаад ч парламентын байгаа байдал дээрдсэнгүй. Төрийн ордонд ороод суухаар иргэдийн амьдралаас хол тасарчихдаг бололтой гэх шүүмжлэл шинэ гишүүдийн чихнээс хонх уяж уялдаа холбоогүй, утгагүй шийдвэрүүдийг гаргасаар байна.
Яг энэ цаг үед Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж буй. Бидний төлдөг татварын мөнгөөр юу хийх, ямар ажил хийж хэрэгжүүлэх төсвөө юунд ерөнхийлөн зарцуулахыг шийдэж байгаа юм. Гэвч эхнээсээ төсвийн мөнгө уйлдаггүй гэдэгчлэн юм болоодохлоо. 18.3 тэрбум төгрөгөөр залуу үеийнхэнд ваучер тараах Ч.Номин сайдын гаргасан хуулийн төслийг УИХ-аар дэмжлээ.
Яг юу болов….
Ч.Номин 18.3 тэрбум төгрөгийг өсвөр үеийнхэнд ваучер болгон өгнө
Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын сайд буюу Ч.Номин ирэх онд 589 тэрбум 6 сая төгрөг захиран зарцуулна. Үүнээс 18.3 тэрбум төгрөгийг Соёлын эрхийн бичиг, арга хэмжээнд зарцуулна. Ингэхдээ санхүүгийн бололцоогүй өсвөр насны хүүхдүүдэд ваучер тарааж, тэднийг соён гэгээрүүлэх, соёлын болон спортын арга хэмжээнд оролцуулна хэмээн тайлбарлав. Уг хуулийн төслийг УИХ-аар дэмжчихлээ.
Ч.Номин “Бид соёлын эрхийн бичиг болох 18.3 тэрбум төгрөгийг хүүхдүүддээ олгоё гэж байгаа. Ингэхдээ жилд 100 мянган төгрөгийн цахим эрхийн бичгийг олгоно. Хүүхэд энэ мөнгөөр ном худалдаж авч болно. Дуртай спорт, урлагаар хичээллэх боломжтой болно”.
Ингээд Ч.Номин ирэх онд 18.3 тэрбум төгрөгөөр үнэгүй ваучер тараах нь.
Хэн юу хэлэв….
Энэ үйл явдал иргэдийг ихээхэн бухимдуулж, санал шүүмжлэл дагуулсаар байна. Хавдрын эмнэлгийн ачаалал нь хэрээс хэтэрсэн, эмнэлэгт нь ор байтугай шал олдохгүй байхад 18.3 тэрбум төгрөгийг ваучер болгон тараах нь хэр зөв юм бэ?
Ч.Номин сайдыг уг хуулийн төслөө УИХ-аар оруулж ирэхэд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа эрс эсэргүүцсэн. Тэрээр урлаг соёлд дургүйдээ биш. Өсвөр үеийнхэнд мөнгө тарааж, бэлэнчлэх сэтгэлгээнд оруулах нь буруу. Хүнээр юмаа даалгуулна гэдэг соёлгүй үзэл. Төсвөө хэмнэнэ, үр ашигтай зарцуулна гэж ярьчхаад цагаа тулахаар үнэгүй ваучер тараана гэж байна. 18.3 тэрбум төгрөг бага мөнгө биш. Жил болгон 7000 хүн хавдраар өвдөж байна. Гэтэл хавдрын эмнэлэг байхгүй. Энэ мөнгийг эмнэлэгт зориулъя” гэж байр сууриа хатуу хэлсэн. Гэвч түүний үг мохоодов, Ч.Номин санасандаа хүрэв.
Олон нийтийн сүлжээнд “Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан “Чиний мөнгөөр чамайг кинонд даагаад байгааг ойлгохгүй л хүмүүс юм даа. Чиний үзэхийг хүссэн биш хүний сонгож өгсөн кинонд шдээ хаха …” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн.
Яг онож хэлэв үү дээ. Бидний халсан социализмын үед “Үнэгүй” юм гэж байгаагүйг тэр цаг үеийг элээгээд гарсан хүмүүс хэлж байна. Одоо ч олноо алдартай Ким Ду Хан киног 100, 200 төгрөг төлж сумын соёлын төвд үздэг, шил тушааж кино үздэг, нэгнийдээ цуглаад бөөндөө кино үздэг байсан тухайгаа иргэн Э бидэнд хэлсэн юм. Оюутан байхдаа ч найзуудаараа нийлээд үзэхийг хүссэн киногоо үздэг, боломжгүй үедээ тэгээд л өнгөрөөдөг байсан тухайгаа онцлов.
Монгол Улсад 1930-аад оны эхэн үеэс кино урлаг хурдацтай дэлгэрчээ. Яах вэ тухайн үед нийт хүн амын 80 гаруй хувь нь бичиг үсэггүй байсан учраас төр засгаас хөрөнгө гаргаж, кино хийх, бэлэн болсны дараа улс орон даяар үзүүлдэг байж. Харин 1934 оноос эхлэн аймаг бүрийн хүн амынх нь харьцаанаас хамаарч үнийн ангилал тогтоон, олсон орлогынхоо дөрөвний гурвыг тухайн аймгийн төсөвт төвлөрүүлж, эргээд кино урлагийг дэмжих сан үүсгэдэг байж.
Гэхдээ л өсвөр үеийн хүүхдүүдийг соёлын үзвэр үйлчилгээ үзүүлнэ гэж үнэгүй юм өгч байсангүй. Гэтэл өнөөдөр бидний төлсөн татварын мөнгө болох 18,3 тэрбум төгрөгөөр өсвөр насны хүүхдүүдийг соёл урлагийн үзвэр үйлчилгээг үзүүлэхээр болоодохлоо.
Шил тушааж, авсан мөнгөөрөө кино үзээд явж байсан хүмүүс энэ нийгмийн ихэнх хувийг бүрдүүлж буй. Тэд үнэгүй юм үзэж байсангүй, тэглээ гээд бас соёлгүй болсонгүй. Угтаа ямар ч нөхцөлд байсан өөрсдөө мөнгө төлөөд кино үзэх, үзвэр үйлчилгээ сонирхох чадал Монголчуудад байгаа байлтай. Бид энэ асуудлыг шүүмжлэх ёстой. Үүний цаана нэг хүний биш Л.Оюун-Эрдэнийн бүрдүүлсэн Засгийн газрыг хатуу шүүмжилж, хариуцлага нэхэх шаардлагатай.
Эхэнд дурдсанчлан олон гишүүнтэй болоод хууль батлах үйл явц сайжирна, парламентын дархлаа нэмэгдэнэ гэсэн нь хоосон үг төдий байж. Амьдралтай уялдаагүй шийдвэр гаргасаар, бид харсаар суух уу.
Шил тушааж кино үздэг нийгэм ард хоцрогдсон ч “Ваучераар үнэгүй” кино үзэх халамжийн нийгэмд шилжээд байна.