АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт Нью Гэмпшир мужаас эхэллээ


Хамгийн эхний саналыг Нью Гэмпшир мужид бүртгэн авснаар 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор эхэллээ.

Орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 4-5-нд шилжих шөнө дунд Нью Гэмпшир мужийн Диксвилль Нотч хэмээх жижиг хотын иргэдийн саналыг авч эхэлснээр ийнхүү АНУ-ыг ирэх дөрвөн жил удирдах төрийн тэргүүнийг сонгох сонгууль эхлээд байна.

АНУ-ын зүүн хойд хэсэгт, АНУ-Канадын хилийн ойролцоо байрлах тэрхүү жижиг хотод бүртгэлтэй зургаан оршин суугч шөнө дунд саналаа өгсөн бөгөөд тухайн хотын сонгогчид хамгийн түрүүнд саналаа өгдөг энэхүү уламжлал тэртээх 1960-аад оны үеэс тогтсон уламжлал ажээ.

Дээрх зургаан иргэний 3 нь Камала Харрисыг сонгосон бол, нөгөө 3 нь Дональд Трампт саналаа өгсөн байна.

Харин АНУ-ын хэмжээнд сонгуулийн санал авах байрууд өглөөний 6 цагаас үүдээ нээж, ихэнх мужуудад оройны 19 цагт хаалгаа барина. Газарзүйн байршил, цагийн зөрүүнээс шалтгаалж Хавай болон Аляска мужууд дахь санал хураалт маргааш өдрийнх нь 12 цагт хаагдах болно. Ийнхүү сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар 11 сарын 6-ны 13 цагт албан ёсоор хаагдаж, санал тооллогын ажил үргэлжлэн явагдах юм.

Сонгуулийн санал авах байруудын хамгаалалт, аюулгүй байдал дээр эрх баригчид, албаныхны зүгээс онцгой анхаарч, гол чухал гэж үзсэн санал тооллогын байруудын ойр орчмын барилгын дээвэр дээр мэргэн буучдыг байршуулах, сонгуульд ажиллаж байгаа ажилтнуудад зориулж аюулын дохио илгээх товчлуур ажиллуулах, сонгуулийн санал авах байруудын ойр орчимд хяналтын дрон хөөргөх гээд олон арга хэмжээ авч байгааг The Washington Post сонин мэдээлжээ.

Америкийн сэтгэлзүйн холбооноос (American Psychological Association) явуулсан судалгааны дүнгээр судалгаанд оролцсон насанд хүрсэн нийт америкчуудын 77 хувь нь АНУ-ын ирээдүй хэрхэх тухай сэдэв тэдний стрессдэж, бухимдах гол шалтгаан болдог гэж хариулсан бол мөн 74 хувь нь энэ удаагийн сонгуулийн үр дүн ямарваа нэгэн хүчирхийлэл гарахад хүргэж болзошгүй хэмээн санаа зовж байгаа хэмээн хариулсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *