Ерөнхий сайд болон Засгийн газрын сайд нарын бүрэлдэхүүн бүхий баг БНХАУ-ын Шанхай хотод айлчилж мега төслүүд болон хот байгуулалтын туршлага судалж буй. Тус айлчлалын үеэр Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн 15 минутын хот концепцыг судалж, хот байгуулалтын үзэсгэлэнтэй танилцлаа.
“Шанхай хот 26 сая орчим хүн амтай бөгөөд 2000 оноос дэд бүтцийн шинэчлэл хийснээр нэг хүнд ногдох ДНБ нь 10,000 ам.долларт хүрсэн. Ингэснээр дэд бүтцийн өгөөжөө хүртсэн буюу хөгжлийн шинэ түвшинд гарах боломж бүрдсэн. Засгийн газар 2028 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10,000 ам.долларт хүргэхийг зорьж байгаа. Энэхүү үзүүлэлтэд хүрэхийн тулд хөгжлийн тулгуур болсон дэд бүтцийн асуудлуудыг шийдсэнээр 20 минутын хот концепц хэрэгжих боломжтой” хэмээн 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн онцоллоо.
Шанхай хотын хувьд 2014 оноос хотыг 15 минутын дотор иргэн бүх үйлчилгээнд хүрэх, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн аж. Улаанбаатар хотын хувьд энэ мэт жишгээр дэд бүтцийн асуудлыг шийдсэнээр иргэн хүссэн үйлчилгээгээ 20 минутын дотор авах боломжийг бүрдүүлэх нь “20 минутын хот” концепцын гол зорилго юм.