Израилын Ерөнхий сайд Беньямин Нэтаньяху Батлан хамгаалахын сайд Йоав Галлантыг албан тушаалаас нь чөлөөлж байгаагаа мягмар гаригт мэдэгдсэн байна. Израил улсын Ерөнхий сайдын албаны зүгээс Йоав Галлантыг албан тушаалаас нь чөлөөлж байгаа тухай мэдэгдлийг албан захидал хэлбэрээр хүргүүлсэн бөгөөд 48 цагийн дотор түүний Батлан хамгаалахын сайдаар ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно гэдгийг захидалд дурьджээ.
Израилын Ерөнхий сайд Б.Нэтаньяху энэхүү шийдвэрээ тайлбарлахдаа улс орны аюулгүй байдлын асуудал дээр тэдний санал зөрөлдсөн гэжээ. Тэрээр мэдэгдэлдээ “сүүлийн саруудад Батлан хамгаалахын сайд бид хоёрын хоорондох итгэлцэл үгүй болсон, цэрэг дайны үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой асуудал дээр санал зөрөлдөөн үүссэн, түүний зүгээс засгийн газар болон кабинетын шийдвэрийн эсрэг үйлдлүүд болон мэдэгдлүүдийг хийх болсон” хэмээн онцолсон байна. Гэхдээ Газын зурвас дахь Хамас бүлэглэлийн эсрэг хийж байгаа Израилын цэрэг дайны үйл ажиллагааг үргэлжлүүлэх тал дээр Батлан хамгаалахын сайдыг албан тушаалаас нь чөлөөлсөн энэхүү үйл явдал ямар нөлөө үзүүлэхгүй гэдгийг тэрээр нэмж хэлсэн байна.
Сайдын албан тушаалаас нь чөлөөлсний хариуд Йоав Галлант өөрийн сошиал хуудсаараа дамжуулан “Израил улсын аюулгүй байдал миний хувьд амьдралын минь гол зорилго байсаар ирсэн, цаашид ч байсаар байх болно” хэмээн нийтэлжээ. Тэрээр өдгөө хоёр дахь жил рүүгээ орон үргэлжилж байгаа Хамас бүлэглэлийн эсрэг Газын зурваст явуулсан дайнд Б.Нэтаньяхутай үргэлж санал зөрөлдөж ирсэн бөгөөд Нэтаньяху энэ дайныг үргэлжлүүлж, Хамаст улам шахалт үзүүлэхийг шаардан уриалсаар байгаа бол эсрэгээрээ Йоав Галлант нөхцөл байдалд прагматик хандаж, Израилын зэвсэгт хүчин барьцааны хүмүүсийг суллах асуудлаар Хамастай яриа хэлэлцээ явуулахад шаардлагатай нөхцлийг хангалттай бий болгосон гэж үзэж байсан юм.
Израилын Ерөнхий сайд өнгөрсөн 3 дугаар сард мөн Йоав Галлантыг сайдын албан тушаалаас нь чөлөөлөх оролдлого хийж байсан. Йоав Галлантыг орлож, Израил улсын Батлан хамгаалахын сайдын албыг тус улсын Гадаад хэргийн сайд Израел Катц гүйцэтгэхээр болсон байна. Ерөнхий сайдын ойрын хүн гэгддэг, батлан хамгаалах салбарт туршлага багатай Израел Катцыг Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон явдал нийгэмд хурц шүүмжлэлийг дагуулж эхэлжээ.