Өглөөний 06:40 минут: “Шонхор” зах худалдаачдын хөлд дарагджээ. Хаа сайгүй ачааны том машин эгнэн зогсож, ченж нар махаа буулган, тэргэн дээр шиднэ. Тэрэг тэргээр зөөх энэ махаа тэд жижиглэн худалдаачид, хоолны газрын хүмүүст нийлүүлнэ. Хонины ганц гулууз, үхрийн хаа, гуя авах гэсэн хүмүүс “Мах үнэтэй байна” гэж жиг жуг ярилцах нь сонсогдож байлаа. Их хэмжээний мах авахаар ирсэн нэгэн хүн ченжүүдийн наана цаана орж, үнэ хаялцана. Ингээд ч хямд авч чаддаггүй ажээ.
Ченжүүд хонины махыг малчдаас килограммыг нь 8000, үхрийн махыг 9000-10000 төгрөгөөр авч байна
Үндсэндээ 20 килограммтай хонины гулуузыг 1 килограммыг нь 8000-8500 төгрөгөөр авдаг байна. Ингэж авсан махаа цааш нь 12-13 мянган төгрөгөөр зарж байв. Кг махнаас 4000-5000 төгрөг унагах жишиг энд нэгэнт тогтжээ. Мал сүргээр баян Монголд махны үнэ нь тэнгэрт хаддагийн учир ийм.
Малчдын орлого, амьжиргааг дэмжих үүднээс махыг малчнаас эцсийн хэрэглэгчийн гарт хүргэх, нэг ёсондоо дундын зуучлалгүйгээр худалддаг болгох нь махны үнийг тогтвортой байлгах арга гэдгийг малчдын төлөөлөл онцоллоо.
Түүнтэй адил үүрээр махаа зарахаар Төв аймгийн Өндөрширээт сумаас ирсэн малчин “10 орчим хонь, ямааны гулуузтай ирсэн. Ченжүүдэд 6000-8000 төгрөгөөр авъя гэсэн. Тиймээс ченжүүдэд өгөлгүй, орон сууц, гэр хорооллоор явж, 9000-11.000 төгрөгөөр зарна. Бөөн ажил болж, мал өсгөөд, хаа холоос зорьж ирээд, малынхаа махыг зарах гэхээр ченжүүд доош нь хийгээд, аль болох хямд авах гээд байх юм. Биднээс хямд авбал тэдэнд илүү ашигтай. Ченж, лангууны худалдаачид гар дамжуулан дамласаар махны үнийг өсгөдөг” гэв.
Хүмүүс 500 граммаас 3 кг мах авдаг
Нэг ченж нөгөө ченждээ мах зарахдаа килограмм тутамд нь 500-1000 төгрөг нэмдэг аж. Тухайлбал, Б гэх ченж малчин Д-ээс ямаа, хонины махыг килограммыг нь 6000-8000 төгрөгөөр, үхрийн махыг 7000-10.000 төгрөгөөр авч, үхрийн махыг гэхэд килограммыг нь 16.000 төгрөгөөр жижиглэн зардаг юм байна.
Малын махаа хямд өгөхгүй гэсэн зарим малчин захаас гарч, махаа жижиглэж, автомашиныхаа тэшин дээр тавин зарах нь олширчээ. Үүний нэг жишээ бол Сонгинохайрхан дүүргийн 21-р хороолол орчимд 3 газарт автомашинтайгаа мах заран зогсох малчид юм.
Тэд үхрийн махыг нэг килограммыг нь 14 мянга, хонь, ямааны махыг 10-11 мянган төгрөгөөр зарж байв. Хүмүүс ч үнийн хямд, мөн газрын ойрхныг бодож, гэрийнхээ гаднаас хоолны махаа авч байлаа. Малчид төхөөрөн авчирсан малынхаа махыг дуусгахын тулд гэгээ тасартал зогсоно. Хүмүүс хамгийн ихдээ 3 килограмм, багадаа 500 граммаар мах авдаг. Үндсэндээ иргэдийн худалдан авах чадвар муу байгаа гэдгийг малчид онцолсон юм. Өнгөрсөн жилийн өдийд хонины мах 9000 төгрөг байсан бол энэ жил 11-13 мянга, харин үхрийн мах килограмм нь 15 мянган төгрөг байсан бол энэ жил 16-20 мянгад хүрчээ.
“Шонхор” захад худалдаж буй махны үнийн мэдээллийг үзвэл
Адууны мах 9500-10000
Үхрийн мах 16000-17000
Хонины мах 10000-12000
Ямааны мах 11000-12000
2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 14.093 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 17.736 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай мах нэг килограмм нь 0.1 хувиар, үхрийн цул мах 0.5 хувиар өсжээ. Одоогоор үхрийн махны дундаж ханш нэг килограмм нь 20 мянгад хүрсэн гэх судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.
Махны үнийг хэрхэн хөөрөгддөг жишээг үхрийн махны үнийн өсөлт харуулж буй. Үхрийн махыг малчид нэг килограммыг нь 10 мянган төгрөгөөр ченжид худалддаг бол ченжээс ченжид дамжсанаар лангуун дээр үхрийн мах нэг килограмм нь 16- 20 мянган төгрөгийн үнэтэй байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас үзэхэд махны үнэ “Барс” худалдааны төвд хамгийн үнэтэй байна. Энд хонины мах килограмм нь 13 мянга, үхрийн мах килограмм 20 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж.
Харин “Шонхор” захад хонины мах 11-13 мянга, үхрийн мах 16 мянган төгрөгийн үнэтэй буюу хамгийн хямд байна. Үндсэндээ үхрийн махны үнэ гэхэд үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар өсжээ.
.