ХБНГУ-ын Канцлер Олаф Шольцын тэргүүлсэн, гурван намын хамтарсан эвслийн засгийн газар тараад байна. Олаф Шольц гурван намын эвслийн засгийн газрыг 2021 оноос хойш тэргүүлж байсан юм. Олаф Шольц эдийн засгийн бодлого, төлөвлөгөөтэй холбоотой асуудал дээр санал зөрөлдсөний улмаас Сангийн сайд Кристиан Линднерыг албан тушаалаас нь чөлөөлсний дараагаар Германы нео-либерал Чөлөөт ардчилагчид (FDP) нам Шольцын эвслийн засгийн газар дах бүх сайд нараа татаж авснаар ийнхүү Социал демократ, Чөлөөт ардчилагчид болон Ногоон нам гэсэн гурван намын эвслийн засгийн газар “нуран” уналаа.
Үүнтэй холбоотойгоор Канцлер Олаф Шольц ирэх оны эхээр буюу 2025 оны нэгдүгээр сард засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх асуудлаар парламентын санал хураалт явуулах болно гэдгээ мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл тэрхүү санал хураалтаар хэрвээ түүний засгийн газарт итгэл хүлээлгэхгүй гэсэн үр дүн гарвал парламентын сонгуулийг (2025 оны 9 сард явагдахаар товлогдсон) хугацаанаас нь өмнө явуулах нөхцөл байдалд хүрэх юм. Германы “Дойче Велле” агентлагийн мэдээлж байгаагаар хэрвээ ийм нөхцөл байдал үүсвэл ээлжит бус парламентын сонгууль 2025 оны гуравдугаар сард явагдах магадлалтай гэжээ. Ийнхүү эвслийн засгийн газар задарснаар Канцлер Олаф Шольцын засгийн газар парламент дахь олонхийн байр сууриа алдлаа.