Австрали улс 16-аас доош настнуудын сошиал хэрэглээг хориглохоор төлөвлөж байна


Австралийн засгийн газар 16-аас доош насны хүүхдүүдийн сошиал орчин дахь хэрэглээг хориглох хуулийн төслийг удахгүй танилцуулах талаараа мэдэгдсэн байна. Австралийн ерөнхий сайд Энтони Албанез хэлэхдээ энэхүү хуулийн төслийг ирэх долоо хоногт парламентын хэлэлцүүлэгт оруулах бөгөөд төслийн зорилго нь Австралийн хүүхэд багачуудыг сошиал орчны сөрөг нөлөөллөөс салгахад оршиж байгаа гэжээ. Тэрээр “цахим орчинд донтсон хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд миний л ижил санаа зовж байгаа эцэг, эхчүүдийн төлөө үүнийг хийж байна, Австралийн бүх гэр бүлийн ард засгийн газар зогсч, хамгаалж байгааг хэлмээр байна” гэжээ.

Энэ төрлийн дэлхийн анхны хууль тогтоомж гэгдэж байгаа уг хууль нь аль хэдийн сошиал орчинд бүртгэлтэй болсон хүүхэд багачуудад хамаарахгүйгээс гадна хуулийг зөрчсөн тохиолдолд ч хүүхэд багачуудад ямар нэгэн ял, шийтгэл ногдуулахгүй бөгөөд уг хуулийн хэрэгжилтийг тус улсын интернетийн аюулгүй байдлыг зохицуулах газар (eSafety Commissioner) хариуцан ажиллах ажээ.  

Хэрвээ парламентаар хэлэлцэгдэн батлагдсан тохиолдолд уг хууль батлагдсанаас 12 сарын дараа хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм. Салбарын эксперт, мэргэжилтнүүд сошиал орчны хэрэглээ хүүхэд багачуудын сэтгэцийн эрүүл мэндэд хор учруулдаг гэдэг дээр санал нийлдэг ч тэдний сошиал орчны хэрэглээнд хязгаар тавьж, хориглох нь тодорхой үр дүн авчирдаг гэдэг дээр санал зөрөлддөг байна. Өмнө нь ЕХ-ны зүгээс үүнтэй ижил төстэй арга хэмжээг авахыг оролдсон ч дорвитой амжилт олж байгаагүй юм. Үүн дээр мөн хэрэглэгчийг хүүхэд байна уу, үгүй гэдгийг хэрхэн шалгаж мэдэх тал дээр ч техникийн болон хамгаалалтын асуудал үүсдэг байна.

Харин Австралийн тухайд хүүхэд багачуудаа сөрөг контент, хуурамч мэдээ мэдээлэл, үе тэнгийн дээрэлхэлт болон сошиал орчны бусад дарам, шахалтаас хамгаалахын тулд энэхүү хууль зайлшгүй шаардлагатай гэсэн байр суурьтай сонирхлын бүлгээс Австралийн засгийн газрыг лоббидсоны үндсэн дээр уг хуулийг ийнхүү хэлэлцүүлэхээр болжээ.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *