Австралийн бүжигчин Raygun мэргэжлийн брейк бүжгээс зодог тайллаа


Өнгөрсөн зун болсон Парисын Олимпын наадмын брейк бүжгийн тэмцээнд өөрийн гэсэн өвөрмөц хөдөлгөөнөөрөө дэлхийд танигдаж, мөн багагүй шоолуулаад авсан Австралийн бүжигчин Raygun мэргэжлийн брейк бүжгээс зодог тайлж, мэргэжлийн тэмцээн уралдаанд ахиж оролцохгүй гэдгээ мэдэгджээ.

Raygun-ы жинхэнэ нэрийг Рэйчел Ганн гэдэг бөгөөд тэрээр одоо 37 настай, их сургуульд багшилдаг эмэгтэй юм. Түүний Олимпын тэмцээний үеэр бүжиглэсэн хөгжилтэй, өвөрмөц хөдөлгөөнүүд нь олны анхааралд өртөж, доог тохууны сэдэв болж, meme-ний баатар хүртэл болоод амжсан билээ.

Гэвч бусдын зүгээс ирж байгаа доромжлол, дарамт шахалт зэрэг нь түүнд хүндээр тусч байгаа учраас брейк бүжгийн мэргэжлийн тэмцээнд оролцохгүй гэсэн шийдвэрийг гаргахад хүрсэн байна. Raygun-д ирсэн ихэнх шүүмж түүнийг хэрхэн яаж Олимпын тэмцээнд оролцохоор сонгогдсонтой холбоотой байжээ. Харин Олон улсын Олимпын хорооны албаныхны зүгээс түүнийг анхнаас нь хамгаалсаар ирсэн юм. Гэвч мэргэжлийн брейк бүжигчдийн дунд түүнийг уг бүжгийн спортын нэр хүндийг доог тохуу болголоо хэмээн буруутгах хүмүүс цөөнгүй байгаагаас гадна 2028 оны Лос Анжелесийн зуны Олимпын наадамд брейк бүжгийн төрлийг оруулах уу, үгүй юу гэдэг асуудал ч хурцаар яригдаж эхлээд байгаа билээ. Үүний гол шалтгааныг спортын тэмцээн гэхээсээ илүү хөдөлгөөний урлаг учраас дүгнэж, оноо өгөхөд хүндрэлтэй байдагтай холбон тайлбарлаж байгаа ажээ.

Хэдийгээр мэргэжлийн спортоос зодог тайлж байгаа ч Raygun “би бүжиглэсээр, брейк бүжгээ хийсээр байх болно, гэхдээ зөвхөн гэртээ” хэмээн энэ долоо хоногт Австралийн нэгэн фм радиод өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *