С.Загд-Очир: Бид төр, засгаас мөнгө гуйхгүй ээ. Хөөмий урлагийг хөгжүүлэх бодлого хэрэгтэй байна


Монгол үндэсний хөөмий урлагийг түгээн дэлгэрүүлж, өвлүүлж үлдээхэд хувь нэмрээ оруулж байгаа, СУИС-ийн Үндэсний язгуур урлагийн хөөмийн багш С.Загд-Очир, Б.Баярбаатар нарыг урьж, ярилцлаа.


Манай улсад хөөмийлөх урлаг ямар түвшинд хөгжиж байна вэ. Залуучууд хэр их сонирхож байна?

С.Загд-Очир: Сүүлийн үед хөөмий урлагийг сонирхох залуус нэмэгдэж байна. Гэхдээ манай төв халхуудын оролцоо дутмаг байгаа. Ихэнхдээ Европ, Хятад, Өвөрмонгол гэх мэтчилэн гадаадаас хүмүүс их ирж суралцдаг. Жил ирэх тусам үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд залуучуудын оролцоо нэмэгдэж байгаа нь сайхан. Өвөрмонголчууд энэ урлагийн хөгжилд нэлээд чухал үүрэг, оролцоотой байгаа.

Хөөмийлөх урлагийн гарал үүслийн талаар тарьж өгөөч. Яг хаанаас үүсэлтэй вэ?

С.Загд-Очир: Хөөмийлөх урлаг маань эрт дээр үеэс үүсэлтэй. Монголчуудын нүүдлийн амьдрал, соёл иргэншилтэй салшгүй холбоотой зүйл. Байгалийн дуу авиа, мал, амьтны дуу чимээ гэх мэт. Хөөмий бол мал, амьтан, хүн, байгалийн харилцан шүтэлцлээс үүссэн гэж хэлж болно.

Хөөмийлөх урлаг гэдэгт дан ганц хөөмий л багтдаг уу. Өөр зүйл байгаа юу?

Б.Баярбаатар :Байлгүй яах вэ. Хөөмийлөх урлаг гэдэгт дан ганц хөгжим орохгүй. Ерөөл, үлгэр, тууль, хэл хуур, аман хуур гэх мэт үндэсний бүх хөгжмийн төрөл багтдаг.

Хөөмий урлагийг тусгай, гоц авьяастай төрсөн хүн л чаддаг гэж хүмүүс ярьдаг. Заавал авьяас чадвар шаарддаг уу?
Б.Баярбаатар: Бүх хүн хөөмийлж чадна. Гагцхүү хүн өөрөө хүсэл сонирхолтой байх ёстой. Заавал гоц авьяастан л чадна гэж ойлгож болохгүй. Өөрөө сурах хүсэлтэй бол анхан шатнаас нь зөв заалгаад сурвал бүгд чадна.
Хүмүүс хөөмийлөх урлагийг хүүхдийн хоолой эвддэг, солгой хоолойтой болгодог гэж ярьдаг. Энэ үнэн үү?

Б.Баярбаатар: Хүмүүс хүүхдийн хоолой эвддэг, дуулж чадахгүй болгодог гээд олон сөрөг зүйл ярьдаг. Энэ бол мэргэжлийн бус хүмүүс дээр очоод, анхнаасаа буруу сурвал ийм зүйл болох байх. Түүнээс биш хөөмийлөх урлагаар хичээллээд, солгой хоолойтой болно гэж байхгүй.

Эрт үед эмэгтэй хүн хөөмийлж болдоггүй гэж ярьдаг байсан. Одоо үед эмэгтэй хүмүүс хөөмийлж байна. Яагаад эмэгтэй хүн хөөмийлж болохгүй гэдэг байсан юм бол?

С.Загд-Очир: Дээр үед эмэгтэй хүн гэрийн ажлаа хийгээд, хүүхдээ харах тал дээр анхаардаг байсан. Харин эрэгтэй хүмүүс адуу малдаа явах, хонио хариулах гээд гадуур ажлаа амжуулдаг. Амьдралын хэв маяг нь өөр өөр. Бас хөөмийлөх гэдэг нь өөрөө амьсгалах урлаг гэж хэлж болно. Тэгэхээр эмэгтэй хүний биеийн онцлог нөлөөлдөг. Магадгүй жирэмсэн үед хөөмийлөх нь сөрөг нөлөөтэй гэх мэт зүйлээс үүдээд эмэгтэй хүмүүс хөөмийлдөггүй байсан байх. Харин одоо үед анхан шатнаас нь зөв заалгаад сурч байгаа эмэгтэй хөөмийчид байна. Манай сургалтад гэхэд 10 эмэгтэй суралцдаг.

Хөөмийлөх урлагийг цаашид хөгжүүлэх, өв соёлоо өвлүүлж үлдээхийн тулд төр ямар арга хэмжээ авах ёстой гэж боддог вэ?

Б.Баярбаатар: Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, өвлүүлж үлдээхэд төр, засгаас тууштай бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Одоогоор хэдхэн хүн л энэ их ачааг нуруун дээрээ үүрээд явж байгаа. Бид төр, засгаас мөнгө нэхэхгүй ээ. Гагцхүү монголчуудын бусад улс орноос ялгарах өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд нэмэр болох тууштай бодлого хэрэгжүүлж өгөхийг л хүсэж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *