АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулахаар болж байгаа тухай мэдэгдлийг пүрэв гаригт Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жэром Пауэлл хийсэн байна.
Холбооны нөөцийн сангийн тусгай хорооны зүгээс бодлогын хүүг өмнө тогтоосон 4.75 хувиас 0.25 хувиар бууруулж, 4.5 хувь болгож байгааг мэдэгджээ.
АНУ-ын төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сангийн зүгээс инфляцийг бууруулах зорилтын хүрээнд бодлогын хүүгээ ойр ойрхон бууруулах арга хэмжээг авсаар байна. Өнгөрсөн 9 дүгээр сард бодлогын хүүг 50 суурь нэгж буюу 0.5 хувиар мөн бууруулах арга хэмжээг авсан юм.
Жером Пауэлл мэдэгдэлдээ “Бодлогын хүүг ингэж ойрхон зайтай буулгах нь ахиц дэвшил гарч байгаа инфляцийг буулгах ажилд сөргөөр нөлөөлж болзошгүйг бид мэдэж байгаа ч бодлогын хүүг буулгахгүй удах нь эдийн засгийн идэвхжлийг сулруулах талтай” хэмээн онцолжээ.
Холбооны нөөцийн сангийн тэргүүн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулснаас нэг өдрийн дараа ийнхүү бодлогын хүүг бууруулах тухай мэдэгдэл хийлээ. Д.Трампын хувьд өмнө нь ерөнхийлөгчийн алба хашиж байхдаа Холбооны нөөцийн сангийн бодлого боловсруулагчидтай таагүй харилцаатай байсан. Сэтгүүлчид Жэром Пауэллаас “хэрвээ Д.Трамп таныг албан тушаалаасаа огцрохыг хүсвэл яах вэ” гэсэн асуултанд тэрээр “Огцрохгүй, түүнд намайг халах эрх байхгүй” хэмээн хариулжээ. Энэ талаарх сэтгүүлчдийн асуултанд Ж.Пауэлл мэдэгдэхдээ, ойрын хугацаанд сонгуулийн дүн манай бодлогын шийдвэрт ямар ч нөлөө үзүүлэхгүй гэжээ.
Ж.Пауэлл мөн “ерөнхийлөгчийн сонгуулийн дүн ойрын хугацаанд Холбооны нөөцийн сангийн бодлого шийдвэрт ямар ч нөлөө үзүүлэхгүй” гэдгийг мэдэгджээ. Бусад улс орны төв банкуудын нэгэн адил АНУ-ын Холбооны нөөцийн сан нь улс төрийн хөндлөнгийн оролцоогүй, бие даасан засгийн газрын агентлаг юм.