Б.Жавхлан: Хуулиар Монгол Улсыг өрийн хязгааргүй болгочихсон байсан хүн бол Г.Тэмүүлэн гишүүн шүү


Анхны 126 гишүүнтэй парламент 2025 оны төсвийг баталлаа

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнгөрсөн баа сан гаригийн нэгдсэн хуралдаанаар ирэх 2025 оны улсын төсвийг хэлэлцлээ. Төсвийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд холбогдох Байнгын хороо, Засгийн газрын гишүү дээс асуулт асууж, үг хэллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Төсвийн хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй санал гаргаж ирсэн. Мөн сайд нарын багц дээр ямар их илүү зардал байдгийг олон нийтэд таниулсан Ж.Баярмаа гишүүндээ баяр хүргэе. Төс вийн асуудлыг олон нийтийн анхааралд оруулсан Д.Энхтүвшин гишүүнд баяр хүргэе. Мөн танд нэг зүйл хэлье. Миний хувьд сүүлийн найман жилийн турш төсвийг шүүмжилсэн. Энэ жилийн төсвийг шүүмжилсэн шүүмжээ тань руу би явуулна. 125 төсөл арга хэмжээг царцаавал 1.5 их наяд төгрөгийн хэмнэлт гарах юм байна лээ. Энэ хэмнэлтээрээ бизнесүүдийг дэмжихэд зориулаач ээ гэдэг саналыг гаргасан. Дээрээс нь нэг сайд нэг арга хэмжээ зохион байгуулахад 500600 сая төгрөгийн зарлага гарч байгаа нь арай дэндүү. Өнгөрсөн найман жи лийн турш ард түмний амьд рал муудсан, дарга нарынх томорсон. Үүнийг Д.Энхтүвшин гишүүн хэлэхэд ард түмэн дуртай хүлээн авч байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

-Төсөвтэй холбоотой асуудал ард түмний анхаарлын төвд байна…

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Төсвийн асуудал дараа нь яригдана. Одоо Төсвийн хүрээг хэлэлцэж байна. Яг хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой үг хэлж, асуулт асуу, С.Цэнгүүн гишүүн ээ.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

-Үг хэлэх гэж байхад яагаад гэнэт тасалчихсаныг тань ойлгосонгүй, УИХ-ын дарга аа. Ер нь УИХ-ын гишүүд өөрсдийнхөө бодож байгаа үзэл санааныхаа зүйлсийг ярих эрхтэй гэж би бодож байна. Тэгэхээр цаашид үг тасалмааргүй байна шүү.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:

-Зарим дарга нар шинэ гишүүдийн нэрийг барьж ярьдгаа болих хэрэгтэй. Бидний хувьд тодорхой хэмжээнд туршлага бий. Том туршлагатайгаараа давуу байдгаа болих хэрэгтэй, Ц.Даваасүрэн дарга аа. Цаашид шинэ гишүүд маань айж, ичихгүйгээр үгээ хэлдэг байх ёстой. Төсвийн байнгын хороон дээр зарим зүйлд санал хураалгая гэхэд хураалгаагүй шүү. Энэ асуудлаар шаардлага гарах юм бол Үндсэн хуулийн Цэц, УИХ-ын даргад хандана. Ер нь шинэ гишүүд бид олон сонгогдсон дарга нарыг туршлагатай байх гэж хүндэтгэдэг. УИХ-ын гишүүдийн саналаа өгөх эрхэд халддагаа болих хэрэгтэй. Тухайн гишүүн өөрийн итгэл үнэмшлээрээ саналаа өгөх ёстой.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-М.Бадамсүрэнгийн ямар саналыг хураалгаагүй юм гэдгийг мэдэхгүй байна. Ер нь бол хоёр санал л хураалгасан. Хураалгасан санал нь дэмжигдээд явсан. Угтаа гоншигноод байх юм байхгүй л баймаар. УИХ-ын индэр ашиглаад дур зоргоороо чалчдаг гэж бодож байвал эндүүрэл шүү.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:

-Энэ чалчиж байгаа асуудал биш үү. Төсвийн байнгын хорооны дарга гэдэг хүн Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөл дээр болохгүй байгааг нь ажлын хэсэг, байнгын хорооны түвшинд хэлэлцэж засч залруулдаг байх ёстой. Ингэх гэж таныг Байнгын хорооны даргаар сонгосон байх. Ингэх гэж парламент гэдэг зүйл байдаг. Олон зүйл дээр санал хураалгаагүй асуудал бий. Үүнийг би хувьдаа дотоод асуудал гэж бодоод тухай бүрд нь яриагүй. Хэрэв шаардлагатай бол ярьж бас болно шүү. Яг яаж байгаа нь мэдэгдэхгүй байсаар байгаад л орж ирсэн төсөв Төсвийн байнгын хороогоор хэлэлцэгдсэн нэр зүүгээд л гараа биз дээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-М.Бадамсүрэн гишүүний хэлж байгаа нь үнэн. Хал, шинэ цэрэг гэдэг шиг шинэ хуучнаараа ялгараад байх юм байхгүй. Хуучин гишүүд нь шинэ гишүүдээ дарамтлаад, үг, үзэл бодлыг нь хаагаад. Төсвийн ажлын хэсэг хурал зарладаг ч хуралдаагүй нь үнэн шүү. Гишүүд энэ бөх сэтгэхүйгээ хаячихмаар байна. Бөхийн дэг энэ УИХ-д тогтоох гээд байгаа юм уу, хаашаа юм. Төсөв хэлэлцэж байхад УИХ-ын гишүүдийн улс төрийн эрх чөлөөнд нь хүндэтгэлтэй хандчихмаар байна. Нэг үг хэлэхээр нь айлгаад, дарамтлаад, муухай хараад. Дарамталж амжихгүй шүү. Төсөв хэлэлцэж байхад Ерөнхий сайд чинь орж ирдэггүй юм уу. Энэ хүн чинь хар толгойгоороо хариуцах ёстой биз дээ. Энэ хүнээс л асуулт асуумаар байна. Түүнээс биш Сангийн сайдаас юу асуух юм. Төсвийн байнгын хорооны даргаас юу асуух юм. шинэ гишүүдээ тэр дундаа жагсаалтаар орж ирсэн гишүүдээ “гөлөг” болгочих гээд байх юм. Ийм зүйл энэ УИХ-д байх ёсгүй шүү. Ер нь төсвийг хэзээ ингэж баталж байсан юм. Төсвийн тодотголтой холбоотой асуудлаар Засгийн газар ямар байр суурьтай байна вэ. Дэмжих үү, дэмжихгүй юу.

Сангийн сайд Б.Жавхлан:

-70 орчим хоногийн өмнө Төсвийг өргөн барьсан. Гэнэт өчигдөрхөн өргөн бариагүй. Гэтэл өчигдөр мэдсэн юм шиг асуудал тавьж байгаад бид гайхаж байна. 2025 оны төсөвт маш олон зүйлийг бид хойш нь татсан. Өмнө нь 500-600 орчим шинэ төсөл орж ирдэг байсан бол 38-хан шинэ төсөл орж ирсэн. Тойрог дээр нь хөрөнгө оруулалт завсарлах болсныг ойлгож байна. Гэхдээ л УИХ-ын гишүүдийг Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг дэмжээд явах нь ээ гэдэг итгэл үнэшилтэйгээр явж байна. УИХ-ыг 2025 оны төсвөө батална гээд хүлээгээд сууж байна. Ямар төсөв батална, хуулийн хүрээнд нийцүүлээд л ажиллана. Тодотгол хийнэ гэж байна, хуулийн зөрчил гарах вий, түүнийгээ сайн анхаарна биз. Алдагдлыг бууруулна гэж байгаатай санал нэгдэж байна. 14 мега төсөл наанатай цаанатай болох байх, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам долларт хүргэх ойрын зорилго хойшлох байх. Гэхдээ алдагдалгүй төсөв батлаад тайван алгуурхан явах болов уу. алдагдалгүй төсөв батлахад бидэнд сонголт байгаа, маш амархан. Хууль зөрчихгүй гэж үзвэл УИХ тодотголоо хийнэ биз. Бидний хувьд хийгээд явахад ямар ч асуудалгүй.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Б.Жавхлан сайдын бодлыг маш сайн ойлголоо. Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа нарын гишүүдийн яриад байгаа 3.5 их наядыг төсвийн тодотголоор хэлэлцэх гэж байгаа нь сайн. Гэхдээ ер нь бол Ерөнхий сайд төсөв хэлэлцэж байх үеэр байнга л байдаг байсан. Байх ч ёстой. Заавал байх шаардлагагүй гээд байх юм байхгүй.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Надад асуух асуулт алга. Энэ жил бид Төсвийн хүрээний мэдэгдлийг гурван удаа өөрчилсөн. Хоёрхон сарын өмнө бид Төсвийн тодотголоор Төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчилсөн. Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг бол эдийн засгийн агуулгаараа Үндсэн хууль болсон хууль шүү. Гэтэл бид энэ хуулиа мөрдөж чадахгүй байнга өөрчилж байгаа нь буруу. Үүнээс болоод Монгол Улсын төсөв санхүү, эдийн засгийн аюулгүй байдал тогтворгүй болдог. Сүүлийн 10 жилийн бодлогын том алдаа Төсвийн хүрээний хуулиа байнга өөрчилдөг, тэр улаан шугам болсон тоогоо өөрчилдөг байдлаас болж байгаа шүү. Тийм ч учраас бид Төсвийн тогтвортой байдлыг яаж хамгаалах уу гэдэг заалтуудыг хуульд оруулж өгсөн. Мөн Төсвийн хүрээний мэдэгдэл дээр уг хуулийн амин сүнс болсон заалтыг бид анзааралгүй Сангийн яамны саналаар хассан. Тэр бол уул уурхайн савалгаанаас төсвөө хамгаалсан заалт байсан. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбараас гэнэтийн өндөр орлого олбол улсын төсвийн зарлагаа дагаад өсгөдөг байдлаас хамгаалсан заалт байсан. Энэ заалтыг Сангийн яамныхан авч хаясан. Үүний төлөөс нь юу гэхээр өмнөх жилийнхээс энэ жилийн төсвийн зарлага хоёр их наядаар нэмэгдэх дээд хязгаартай байсныг 5.6 их наядаар нэмэгдүүлж орж ирж байна. Энэ бол дээрх хуулийн заалтыг авч хаясантай холбоотой төлөөс. Ингэж оруулж ирэх эрхээ Засгийн газар нь авчихсан. Тиймээс цаашдаа бид Төсвийн хүрээний мэдэгдэл дээрээ хатуу байх ёстой.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Г.Тэмүүлэн гишүүний санал дээр үг хэлье. Хажууд суучихаад хамаагүй ингэж гүтэгмээргүй байна шүү. Таны хувьд Төсвийн байнгын хорооны даргаар хоёр жил ажилласан. Сүүлийн хоёр жилийн төсвийг УИХ дээр өөрөө баталсан хүн шүү. 2025 оны төсвийн орлогыг бүрдүүлэхдээ таны саяны хэлсэн дүрмийг яг таг баримталсан байгаа. Өөрөөр хэлбэл, тэнцвэржүүлсэн орлого гэдгээ яг таны хэлж байгаа дүрмээр тогтоож өгсөн. Сүүлийн 15 жилийн дунджаар тооцож гаргасан орлогын түвшин байгаа. Нөгөөтэйгүүр Улсын төсвөө бид 70 хоногийн өмнө өргөн барьсан. Гэтэл та өчигдөрхөн гар дээрээ төсөв авсан юм шиг ойлгомжгүй асуудал их ярьж байна шүү.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Би уг нь асуулт асуугаагүй. Гэхдээ над руу ингэж субьектив байдлаар асуудлыг нааж байгаа бол хариулъя. Ёстой нөгөө “Баяраа өөрөө…” гэдэг шиг өөрөө л та энэ өрийн таазгүй болгочихсон хүн. Уул уурхайн салбарын савлагаанаас хамгаалалтгүй болгосон хүн бол Сангийн сайд Б.Жавхлан та шүү. Ажилдаа ийм хариуцлагагүй, сэтгэлгүй хандаж болохгүй. Сүүлийн хоёр жил ямар нэгэн байдлаар Төсвийн үзүүлэлтүүд чинь сайжирч байсан. Ямартаа ч бид Сангийн яамнаас асуулгүйгээр төсвөө баталдаг байсан шүү. Улс орныхоо эдийн засгийг хамгаалалтгүй, хазааргүй байлгаад байж болохгүй ээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-За болно доо, хоёр оо. Хэрүүл хийгээд дэмий биз дээ, та хоёр.

Сангийн сайд Б.Жавхлан:

-За одоо хэлэхээс өөр аргагүй болголоо шүү, Г.Тэмүүлэн гишүүн ээ. Зургадугаар сарын 5-нд хийсэн өөрчлөлтөөр та Монгол Улсыг өрийн хязгааргүй болгочихсон байсан шүү. Та үүнд сандраад хэрэггүй. Тэрийг чинь сая тодотголоор бид буцааж янзалсан. Тийм учраас тэрхүү хязгаарын хүрээнд 2025 оны төсөв орж ирсэн.

Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа. Тодруулбал, Монгол Улсын 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 23 их наяд 140 тэрбум 589.3 сая төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 26 их наяд, 485 тэрбум, 278 сая төгрөг байхаар баталлаа. Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 3 их наяд 932 тэрбум 432.9 сая төгрөгөөр санхүүжүүлэх, Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээг 2025 оны төсвийн жилд 3.5 их наяд төгрөг байхаар тус, тус баталлаа.

Ирэх оны төсвийн хуулийг батлахад 106 гишүүн оролцсоноос 69 нь дэмжиж батлагдав.

Э.Мөнхтүвшин


2 responses to “Б.Жавхлан: Хуулиар Монгол Улсыг өрийн хязгааргүй болгочихсон байсан хүн бол Г.Тэмүүлэн гишүүн шүү”

  1. Жавхлаан . Худлаа гүтгэхээр чинь үнэмших юм шиг байна уу ? Чиний та нарын хулгай баригдана. Энэ чигээрээ чамайг дагавал Монгол улс дампуурна шүү !

  2. Сангийн сайд Жавхлан өөрийг нь шүүмжлэсэн хүний шүүмжлэлийн хүлээж авдаггүй Харин шүүмжлэлийг хүлээн авна гэсэн ойлголт байхгүй, харин өөдөөс нь тэр хүний талаар өнгөрсөн хэргүүдийг нь ярьдаг. Хөгжлийн банк , банк бус санхүүгийн хэрэгт монгол банкны ажилтнууд эхнэр чинь холбоотой биш үү гээд Даваасүрэн гишүүн , Алтанхуяг гишүүд юм ярихад, сая 2025 оны төсвийг муу боловсруулсан байна гээд Г. Тэмүүлэн гишүүн ярихад таны өмнө тавьвсан өр хэрэг чинь энэ тэр гэж л хэлнэ.
    Жавхлан сайдад төсвийг ийм болгосны хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *