Хүчтэй цасан шуурга шуурч байгаагийн улмаас Ховд-Өлгий чиглэлийн авто зам дахь Бураатын даваанд өнөө өглөөний 06:00 цагийн байдлаар цас их хунгарлаж, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. Уг давааг нээхээр “Жол” ХХК-ийн Шуурхай ажлын хэсэг уртасгасан цагаар ажиллаж байгаа аж. Цасан шуурга намжтал энэ чиглэлд зорчихгүй байхыг тус компани анхаарууллаа. Манхан-Булган-Улсын хил чиглэлийн авто замын 194-204 км-т буюу Бага-Улаан даваанд цас шуурганы нөлөөгөөр үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон байна. “Ховд АЗЗА” ТӨХК-ийн Шуурхай ажлын хэсэг энэ даваан дээр тогтсон цасан хунгарыг ачигчаар цэвэрлэж байна. Одоогоор тээврийн хэрэслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа аж.
Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын 480-534дэх км, Улиастай-Алтай чиглэлийн авто замын 3-21 дэх км-ийн зорчих хэсэгт бага зэргийн цас орж, халтиргаа үүсжээ. Эдгээр замаар зорчиж буй жолооч, тээвэрчдийг анхаарал болгоомжтой зорчихыг “Завхан АЗЗА” ТӨХК санууллаа.
