2024 оны Европын MTV-ийн шагнал гардуулах ёслол ням гаригт Английн Манчестер хотноо зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Хамгийн сүүлд уг шагнал гардуулах ёслол 2017 онд Англид зохиогдож байсан юм.
Энэ жилийн MTV Europe Music Awards-ыг дуучин Рита Ора хөтөлсөн бөгөөд тэрээр сарын өмнө золгүй байдлаар амиа алдсан One Direction хамтлагийн гишүүн агсан, дуучин Лиам Пэйнд тайзан дээрээс хүндэтгэл үзүүлж, “түүнийг өөрийнхөө мэдэх хамгийн дөлгөөхөн хүн байсан” хэмээн хэлсэн байна. Рита Ора Европын MTV-ийн шагнал гардуулах ёслолыг ийнхүү гурав дахь удаагаа хөтлөөд байгаа ажээ.
Харин шагналтнуудын тухайд энэ үдшийн хамгийн олон шагналыг Америкийн дуучин Тэйлор Свифт хүртсэнээс гадна мөн EMA шагнал гардуулах ёслолын 30 жилийн түүхэнд шилдэг уран бүтээлч шагналыг гурван удаа хүртсэн анхны уран бүтээлчээр тодорчээ.














Ингээд 2024 оны MTV EMA ёслолын шилдгүүдийг танилцуулья:
- Шилдэг уран бүтээлч – Taylor Swift
- Шилдэг дуу – Sabrina Carpenter “Espresso”
- Шилдэг видеоклип – Taylor Swift, Post Malone “Fortnight”
- Шилдэг хамтрал – Lisa, Rosalia “New Woman”
- Шилдэг Англи/Ирландын уран бүтээлч – Raye
- Шилдэг АНУ-ын уран бүтээлч – Taylor Swift
- Шилдэг амьд тоглолт – Taylor Swift
- Шилдэг поп уран бүтээлч – Ariana Grande
- Шилдэг хип хоп уран бүтээлч – Eminem
- Шилдэг K-поп уран бүтээлч – Jimin
- Шилдэг рок уран бүтээлч – Liam Gallagher
- Шилдэг альтернатив уран бүтээлч – Imagine Dragons
- Шилдэг электроник уран бүтээлч – Calvin Harris
- Шилдэг R&B уран бүтээлч – Tyla
- Шилдэг Afrobeats уран бүтээлч – Tyla
- Шилдэг латин уран бүтээлч – Peso Pluma
- Шилдэг шинэ залуу уран бүтээлч – Benson Boone
Харин энэ жилийн хүндэтгэлийн шагналууд болох “Global icon” буюу “Дэлхийн шүтээн” хэмээх шагналыг Америкийн реппер Busta Rhymes, “Pop pioneers” буюу “Поп хөгжмийн анхдагчид” хэмээх шагналыг Английн Pet Shop Boys хамтлагт тус тус гардуулсан байна.
