COP29 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 29 дэх удаагийн бага хурал даваа гаригт Азербайжан улсын нийслэл Баку хотноо нээгдээд байна.
Энэ удаагийн уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлын гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртдөг хөгжиж буй улс орнуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх үүднээс өндөр хөгжилтэй улс орнуудын жил бүр хандивладаг 100 тэрбум ам.долларын хандивын санг өөрчилж, түүнийг орлуулах уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх цоо шинэ хандив санхүүгийн механизмыг бий болгоход оршиж байгаа юм.
Уг шинэ зорилго нь тулгамдаж буй асуудлуудыг цаг алдалгүй, оновчтой, үр дүнтэйгээр шийдвэрлэхэд чиглэгдсэн байх ёстойг зохион байгуулагч Азербайжан улсын Экологи, байгалийн нөөц баялгийн сайд, COP29 бага хурлын дарга Мухтар Бабаев нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ онцолжээ.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал нь дэлхийн дулаарлыг хязгаарлах асуудлаар анх 1995 онд зохион байгуулагдаж, түүнээс хойш жил бүр дээрх асуудлаар явагдаж ирсэн бол 2016 оноос хойш агаарын температурыг цельсийн 1.5 хэмээс өсгөлгүй барьж тогтоохыг гол зорилгоо болгосон, дэлхийн 200 орчим улс нэгдэн орсон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээний зорилго зорилт, хэрэгжилт, үйл ажиллагааны талаар талуудын хэлэлцэх гол талбар болсон юм.
Азербайжаны нийслэл Баку хотноо зохион байгуулагдаж байгаа НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 29 дэх удаагийн бага хурал энэ сарын 22-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд олон улсын нүүрстөрөгчийн зах зээл, малтмал түлшнээс цэвэр эрчим хүч рүү шилжих асуудал зэрэг олон сэдвээр хэлэлцэхээр төлөвлөжээ.