Олон Улсын Эрүүгийн Шүүхийн (ICC) зүгээс байгууллагынхаа ахлах прокурор Карим Хантай холбогдох хэргийг гадуур мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байгаагаа албан ёсоор мэдэгджээ.
Түүнийг бэлгийн чиг хандлага бүхий дарамт шахалт үзүүлсэн хэрэгт буруутган шалгахаар болсон бөгөөд өөрийнх нь эсрэг үүсгэсэн хэргийг няцааж, буруугүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа Карим Хан хөндлөнгийн зүгээс хийх мөрдөн шалгах ажиллагаатай хамтран ажиллаж, давхар үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Хэдийгээр Карим Хан өөрт холбогдох уг хэргийг Олон Улсын Эрүүгийн Шүүхийн харьяалалд багтдаг мөрдөн шалгах байгууллагаар шалгуулах хүсэлт тавьсан ч Олон Улсын Эрүүгийн Шүүхийн удирдлагын зүгээс хөндлөнгийн мөрдөн шалгах ажиллагааг илүүд үзсэн гэдгээ онцолжээ.
Олон Улсын Эрүүгийн Шүүхийн ерөнхийлөгч Паиви Каукоранта дээрх хэрэгтэй холбоотойгоор хийсэн мэдэгдэлдээ “уг хэргийн мөрдлөгийг шударга, аль нэг талыг барилгүй, хараат бус байдлаар явуулахын тулд хөндлөнгийн байгууллагаар гадуур шалгах шийдвэрийг гаргасан” гэжээ.
Английн Guardian сонинд мэдээлснээр Карим Ханы бэлгийн дарамт шахалтанд орсон нэгэн эмэгтэй хуульч түүний эсрэг гомдол мэдүүлсэн бөгөөд ахлах прокурорыг өөртэй нь бэлгийн харьцаанд орох санал тавьсан, биед нь хүрсэн гэх зэргээр буруутгаж байгаа ажээ.
Ахлах прокурор Карим Хан өнгөрсөн 5 дугаар сард Израилын Ерөнхий сайд Б.Нэтаньяху, Батлан хамгаалахын сайд асан Йоав Галлант, Хамас бүлэглэлийн удирдагч Яаяа Синвар, Мохаммед Дейф, Исмаил Хание нарыг Израил-Хамасын дайны үеэр дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгасан Олон Улсын Эрүүгийн Шүүхийн мэдэгдлийг албан ёсоор хийж байсан бөгөөд хэдийгээр шууд буруутгаагүй ч бэлгийн дарамт, шахалттай холбоотой түүний эсрэг үүсгэсэн хэрэг дээрх Израил болон Хамасын өндөр албан тушаалтнуудыг дайны гэмт хэрэгт буруутгасан мэдэгдлийн дараагаар гарч ирснийг онцлоод байгаа юм.
Одоогийн байдлаар Олон Улсын Эрүүгийн Шүүхийн гурван шүүгчээс бүрдсэн комисс ахлах прокурор Карим Ханыг баривчлах тушаал гаргах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа ажээ.