Д.Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр Майкл Вальтцыг сонгожээ


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад байгаа Дональд Трампын шинэ засаг захиргааны бүтэц бүрэлдэхүүн хэрхэн бүрэлдэж, төрийн өндөр дээд албан тушаалд ямар хүмүүс очих нь анхаарал татсан сэдэв болоод байна.

Өнгөрсөн долоо хоногт Д.Трамп өөрийн сонгуулийн кампанит ажлын ерөнхий менежерээр ажилласан Сьюзан Уайлесыг Цагаан Ордны ажилчдын ахлахаар томилно гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл Д.Трамп өөрийнхөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр Флорида мужаас сонгогдсон Конгрессын гишүүн Майкл Вальтцыг сонгоод байгаа талаар Америкийн хэвлэлүүд мэдээлээд байна.

Майкл Вальтц Д.Трампыг олон жил тасралтгүй дэмжиж байгаа улс төрч бөгөөд тэрээр өнгөрсөн долоо хоногийн Конгрессын сонгуульд ялалт байгуулж, гурав дахь удаагаа Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдоод байгаа юм.

АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх хэмээх албан тушаал нь Сенатын хэлэлцүүлгээр орж батлагддаггүй цөөн хэдэн төрийн өндөр дээд албан тушаалын нэг бөгөөд төрийн тэргүүнд үндэсний аюулгүй байдлын асуудлууд дээр зөвлөгөө өгөх үндсэн үүрэгтэй байдаг. Майкл Вальтцын хувьд хэрвээ энэхүү албан тушаалд томилогдвол эхний ээлжинд Израил-Хамасын дайн болон Украины дайны асуудал дээр Д.Трампад зөвлөж ажиллах болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *